Монгол Улс дахь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдрж, ажлаа хүлээн авчээ.

Тэрбээр Монгол дахь АХБ-ны үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, 2021-2024 онд тус банкны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах юм байна.

Түншлэлийн стратегийн хүрээнд АХБ Монгол Улсыг КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавихад шинэ суурин төлөөлөгч дэмжлэг үзүүлэх аж.

Коулин “АХБ-ны Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа хүртээмжтэй нийгмийн хөгжил, эдийн засгийн боломжуудыг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлооход чиглэдэг. Миний бие эдгээр тэргүүлэх чиглэлээр Монголын Засгийн газар, бусад хамтрагч түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа баяртай байна” гэж хэлжээ.

Тэрбээр эрчим хүч, олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай. Сүүлийн арав гаруй жил АХБ-нд ажиллажээ.

АХБ-наас мэдээлснээр, Шэннон Коулин Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оны есдүгээр сараас эрчим хүчний салбар хариуцан ажилласан бөгөөд АНУ-ын иргэн юм байна.

Тэрбээр АНУ-ын Беркелей, Калифорнийн их сургуулийн байгаль орчны инженерийн шинжлэх ухааны бакалавр, байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.

АХБ-нд ажиллахаас өмнө АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторид АНУ-Энэтхэг, Өмнөд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг АНУ-ын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс удирддаг менежерийн алба хашжээ.

АХБ 1991 оноос хойш өнөөг хүртэл Монголд 3.7 тэрбум ам.долларын 357 засгийн газрын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслийн дэмжлэг үзүүлсэн. Тус банк Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогод нийцүүлэн дэмжлэг үзүүлж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу