Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” компани дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн 4 групп компани түүнд харъяалагдах 39 төрийн өмчит аж ахуйн нэгж хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй аж.

Ойрын өдрүүдэд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагууд харъяа компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эхний хагас жилийн тайланг хэлэлцэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл, нэгдлийн удирдах ажилтнууд өчигдөр (2023.08.08) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллан, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонсжээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлснээр,

тус үйлдвэр жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн  үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Тус үйлдвэр үйл ажиллагаандаа нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр удирдах хороо, багийн гишүүдийг томилон, төлөвлөгөө гарган ажиллаж буй бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан 144 ажлаас 109 нь хийгдэж, 76%-ийн биелэлттэй байгаа юм байна.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 ажил төлөвлөснөөс 18 нь хийгдэж,  86%-ийн биелэлттэй байгаа талаар нэгдлийн удирдлагуудад танилцуулжээ.

2023 оны эхний хагас жилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” үйлдвэрлэлийн осолгүй, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн үйлдвэрлэлийн бүх шатанд түүхий эд материалын орц нормыг хэмнэж, технологи үйл ажиллагааны сайжруулалт хийсний үр дүнд  1,9 тэрбум  төгрөгийн хэмнэлтийг хийж ажиллажээ.

Сүүлийн хагас жилд уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд 1.5 сая тонн гаруй хөрс хуулалт хийж, 940 мянган тонн хүдэр олборлолт хийхээр төлөвлөсөн байна. Гангийн үйлдвэрийн тухайд, сүүлийн хагас жилд 14400 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15408 тонн хаягдал төмөр боловсруулан, 15500 гаруй бэлдэц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Гангийн үйлдвэрийн эхний хагас жилийн баяжмал, ган цувимал, ган бэлдэц зэрэг үндсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний мэдээлэл чухал байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу