Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд ирэх өвөл туршилт хийхээ НИТХ-ын үеэр илэрхийлсэн. Улмаар нийслэлийн гаргах бондоос 177.5 тэрбум төгрөг зарцуулж, БНХАУ-аас 115 мянган тн хагас коксжуулсан нүүрс худалдан авч, энэ өвөл айлуудад түлүүлэн туршихаар болсон. 

Үүнийг олон нийт, шүүмжилж, “Хятад руу нүүрс гаргаад, түүнийгээ буцааж худалдаж авна гэдэг байж болохгүй. 177 тэрбум төгрөгийн өр тавин туршилт хийж, тоглох гэж байна” хэмээж буй.

Энэ асуудалд уул уурхайн мэргэшсэн инженер П.Өлзийнаран дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Хагас коксжуулсан нүүрс ашиглавал Улаанбаатар хотын утаа буурна. Гэхдээ Хятадаас авах шаардлага байхгүй. 177 тэрбум төгрөгөөр Монголдоо коксжуулах үйлдвэр барих боломжтой. Яагаад заавал урдаас авах гээд байгааг ойлгохгүй байна.

Би таван жилийн өмнө хагас коксжуулах үйлдвэр барихыг “Эрдэнэс Тавантолгой” компани болон тухайн үед ТУЗ-д байсан дарга нар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хэлж байсан.

Сошиал хаягтаа ч энэ талаар бичиж, олон улсын туршлагуудыг харуулсан бичлэгийг үзүүлж байлаа. Харамсалтай нь, тухайн үед хэн ч анхаараагүй. Гэтэл өнөөдөр Хятадаас хагас коксжуулсан нүүрс авахаар болж байна. 

Бас нэг тодруулах ёстой зүйл байна. Хятадаас авах талаар ярьж буй нүүрсийг иргэд, олон нийт коксжих нүүрс гэж ойлгоод байна. Биш юм. 

Энгийнээр тайлбарлахад, нүүрсийг хэрэглээгээр нь гурав ангилдаг. Металлургийн, эрчим хүчний, антрацит нүүрс гэж. 

Металлургийн нүүрс гэдэг бидний БНХАУ руу экспортолж байгаа коксжих нүүрс юм. Үүнийг ган, төмөрлөг боловсруулахад ашигладаг. 

Б.Чойжилсүрэн сайдын хэлснээр, Хятадаас авах гэж байгаа нүүрс бол эрчим хүчний хагас коксжуулсан нүүрс юм. Эрчим хүчний нүүрсийг агааргүй орчинд хийгээд гаднаас нь 500-800 градус хүртэл халаагаад, утаа гаргадаг дэгдэмхий бодис, давирхайлаг бодисыг нь ялгаж авдаг. Ингэж утаа бага гардаг мөртлөө шатдаг хэсгийг нь үлдээсэн нүүрсийг хэлж байгаа юм. 

Ийм хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барихыг таван жилийн өмнөөс шаардаад байхад огт авч хэлцээгүй хэрнээ одоо аргаа барахдаа гэнэт Хятадаас авах гэж байна. 

170 гаруй тэрбум төгрөгөөр Улаанбаатарын иргэдийг хангах хэмжээний хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барих бүрэн боломж бий” гэлээ.  

Х.ТҮШИГ

3 САНАЛ

  1. Энэ Ч Сүрэн хурдан зайл юуч чадахгүй насаараа төрд суулаа

  2. Хагас коксжуулсан нүүрс гэж байдаггүй хагас кокс л гэж байдаг нүүрсийг коксжуулбал тэр нь хагас болон бүтэн кокс болно

  3. Энэ засаг ирэх өвлийг давах гэж их л тэвдэж бн юм бн…сонгуулын ажилдаа улайран бна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу