Ерөнхийлөгчийн санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан ажиллагааны баг Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-ын зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостыг илрүүлж, тус тус татан гаргажээ.

ОБЕГ-ын мэдээлснээр, тус татан гаргасан шатахууны савуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нууранд алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болгосон байна.

Тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу