Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ.

“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй.

Тус хурал нь:

  • “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд”,
  • “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе”,
  • “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз”,
  • “Монголын гадаад ертөнц ба харилцаа”,
  • “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ.

Мөн АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх юм. Түүнчлэн энэ удаагийн их хурлаар монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.

Энэ хүрээндээ “Залуу монгол судлаач” дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, судлаачдад илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлжээ. 

Их хурал энэ сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд үргэлжилнэ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу