Ковид-19-ийн шинэ хувилбар EG.5-ийн тохиолдол өсч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн тооцоогоор, EG.5 шинэ хувилбар нь тус улсын хэмжээнд бүртгэгдсэн Ковид-19-ийн шинэ тохиолдлын 17 орчим хувийг эзэлж буй юм байна. Үүний зэрэгцээ EG.5-ийн EG5.1 дэд хувилбар ч хурдацтай тархаж байгаа аж.

Доктор Дэвид Хо Колумбын их сургуулийн лабораторид эдгээр хувилбаруудыг судалж, эсрэг биетүүдэд хэр тэсвэртэй болохыг тогтоохоор ажиллаж буй юм байна.

Одоогийн байдлаар дээрх хувилбарууд нь эмнэлзүйн хувьд өмнөх вирусүүдээс төдийлөн ялгаатай бус бөгөөд халдвар авсан тохиолдолд өвчлөл илүү хүндрэх эрсдэл ажиглагдаагүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өчигдөр (2023.08.09) сүүлийн үед тархалт нь нэмэгдэж буй коронавирусийн шинэ хувилбарыг анхааралдаа авч буйгаа зарлав.

Тус байгууллага омикрон хувилбарын дэд хувилбар болох XBB.1.9.2-той холбоотой EG.5 буюу “Eris” хувилбарыг халдварт өвчний вирусийн “variant of interest” ангилалд оруулжээ.

Уг хувилбар сүүлийн үед АНУ, Их Британи, Хятад зэрэг улсуудад хурдтай тархаж буй ч ДЭМБ шинэ хувилбарын эрүүл мэндийн эрсдэл одоогоор “өндөр биш” гэж дүгнэсэн байна.

ДЭМБ “Одоо бидэнд буй нотолгоонд үндэслэн EG.5 хувилбараас үүдэлтэй нийтийн эрүүл мэндэд учрах эрсдэл бага гэж үнэллээ. EG.5 хувилбарын тархалт нэмэгдэж, дархлаанаас ангижрах шинж чанар харагдсан ч өвчлөлийг хүндрүүлэх хэмжээний өөрчлөлт ажиглагдахгүй байна” гэж мэдэгджээ.

Их Британийн засгийн газрын Эрүүлийг хамгаалах агентлаг өнгөрсөн долоо хоногт Англид сүүлийн үед бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлуудын 15 хувиас EG.5 хувилбар, түүний дэд хувилбар болох EG5.1 голчлон илрэх болсон талаар мэдээлсэн байна.

Тус агентлагийн дэд захирал Мера Чанд“ Бид коронавирусийн шинэ хувилбартай холбоотой Британи болон гадаад орнуудаас цуглуулсан баримтуудыг үргэлжлүүлэн судалж байна.

Өнгөрсөн долдугаар сарын 31-нд бүртгэгдсэн EG5.1 дэд хувилбарын тархалт манай улсад төдийгүй олон улсад хурдтай нэмэгдэж буй тул анхааралдаа авсан. Вакцин нь коронавирусийн цаашдын давлагаанаас хамгаалах хамгийн сайн зэвсэг тул иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй” гэж  хэлжээ.

Эх сурвалж: CNN, THE GUARDIAN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу