Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Жил бүрийн энэ наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлддэг. Ийм үед Нийслэлийн ерөнхий боловсролын 41-р сургуулийн багш нар сурагчдадаа хандан хуучин цүнх, өнгөрсөн жил хэрэглээд дуусаагүй дэвтэр, балаа хэрэглэхийг уриалжээ.

Тус сургуулийн албан ёсны цахим хаягт “Багш нь хуучин цүнхээ барина, ноднин дуусгаагүй том дэвтрээ цүнхлээд, улаан баландаа запаас авч хийгээд л очно. Та нар ч гэсэн байгаагаа тордож янзлаад хэрэглээрэй, хүүхдүүд ээ. Онц шаардлагагүй бол шинээр юм авахгүй, эх дэлхийдээ хог хаягдал бага нэмцгээе.

Гаднаа гялайх яах вэ, тархиа л гялалзуулах хэрэгтэй эрин үе аль хэдийнэ ирсэн. Дүрэмтээ харин цэмбийтэл угааж индүүдээд, гутлаа гялалзтал тослоод ирээрэй, шавь нар минь. Формууд нь л багадсан болов уу, яасан бол… Зүгээр ээ, цэнхэр цамцаа өмсөөд хүрээд ирээрэй, сайхан хүүхдүүд минь.

Хуучин цүнхээ барьж болно. Өнгийн харандаа өмнө жил хэрэглэж байснаа арчиж цэвэрлээд, үзүүрлэчихвэл бүр сайн. Дэвтэр дуусаагүй байгаа бол үргэлжлүүлээд бичээрэй. Өмнөхөө харахад ч амар шүү дээ. Ер нь гоё ганган зүйлс хэрэггүй дээ. Хэрэгцээ шаардлага хангаж л байвал хуучин зүйлс зүгээр гэдгийг хүүхэдтэйгээ ярилцахад болно.

Яагаад ингээд бичиж байна гэхээр, жил бүр танд шинэ хичээлийн хэрэглэл аваад өгөх боломж байгаа л даа. Гэхдээ эдгээрийг хийхэд хэчнээн их ус, хэчнээн их материал ордог бол? Дэвтэр гэхэд л хэчнээн мод вэ гээд бодохоор хэмнэхээс өөр гарцгүй.

Байгаль эхдээ ээлтэй амьдрахын тулд хамтдаа хэмнэцгээе. Тогтвортой хөгжлийн боловсрол эндээс эхэлнэ” гэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу