“Ultimate Fighting Championship” сүүлийн жилүүдэд ESPN-тэй хамтран ажилласнаар олны анхаарлыг татах болсон. Үзэгчдийн тоо нэмэгдсэн ч тулаанчдад зохих ёсоор цалинг нь өгдөггүй гэх шүүмжлэл өрнөж, зарим шүтэн бишрэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн билээ.

“Ultimate fighting сhampionship” тэмцээнд оролцох хүсэлтэй, холимог тулааны мэргэжлийн 1200 гаруй тамирчин UFC-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар “Sportskeeda” мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр, мэргэжлийн тулаанчид UFC-ийг холимог тулааны ертөнцөд ноёрхолоо тогтоохын тулд хууль бус арга хэрэглэдэг гэж буруутгасан байна.

Sportskeeda-ийн мэдээлснээр, тэд анх 2014 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд нийт 1.6 тэрбум ам.доллар нэхэмжилж байгаа аж.

Спортын хуульч Эрик Магракен өөрийн твиттер хуудастаа “Шүүх UFC-ийг албадлагын бөгөөд хэрцгий арга хэрэглэж байсныг тогтоосон. Урамшуулал гэж дур зоргоороо гэрээ байгуулдгаас гадна харгис хэрцгий тактик боловсруулдаг. Лиг тулаанчдыг сонгох эрх чөлөөг хэрэгжүүлэх бодит боломжийг хааж байна.

Үүнээс гадна шүүх UFC бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд бус, нээлттэй зах зээл дээрх тулаанчдын сонголтыг багасгахын тулд өрсөлдөгчдийг худалдаж авч байна” гэж жиргэжээ.

Sports Illustrated-т мэдээлснээр, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсний дараа 1200 орчим тамирчин автоматаар нэхэмжлэгчээр тогтоогдох аж. Хэрвээ шүүх хуралд ялалт байгуулсан тохиолдолд дээрх тамирчид тус бүр нөхөн төлбөрөөс тодорхой хувь хүртэх боломжтой.

UFC 1993 оноос хойш холимог тулааны урлагийн хамгийн том тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. 2001 оноос хойш тус байгууллагыг Дана Уайт удирдаж буй юм.

Эх сурвалж: SPORTKEEDA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу