Наймдугаар сарын 5-нд нийслэлд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Үүний улмаас үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 46 өрх орон гэргүй болжээ.

Иймээс эдгээр иргэнийг амьдарч байгаа газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Улмаар өнөөдөр /2023.08.11/ эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгчээ. Үлдсэн иргэдийн байрыг тун удахгүй шийдэх аж.

Үерт гэр нь сүйдсэн иргэн Т.Нацагдорж “Би эхнэр болон хүүхдүүд, охиныхоо дөрвөн хүүхэдтэй, наймуулаа амьдардаг. Гэр рүү ус орж эхлэхээр нь гэрээ тойруулж шуудуу татаж байтал гэнэт үер орж ирсэн. Хүүхдүүд гэрийн урд байсан юм. Хүүхдүүдээ авах гээд явах гэтэл явах боломжгүй болсон. Манай хашаанд маш олон машин урсаж орж ирсэн. Төд удалгүй үер татарч, машины жолооч нар хүүхдүүдийг маань аварч гаргасан. Манай гэр үерт автаж, лаг шавар орж, авах зүйлгүй болсон. Хүүхдүүдтэйгээ эсэн мэнд байгаадаа, гэртэй болсондоо баяртай байна. Нийслэл болон дүүргийн удирдлагууд, үерийн үеэр нойр, хоолоо умартан иргэдийн төлөө ажилласан ажилтан, алба хаагч нарт, мөн ЖДҮҮ эрхлэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу