Өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” хаалттай форум өнөөдөр (2023.08.11) Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудлын “Ballroom” танхимд болж байна.

Энэхүү форумыг Монголын 300 хөрөнгөтөнд зориулж гадаад, дотоодын шинжээчид, мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулж буй бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагууд Төв Азийн зах зээлд нэвтрэх боломжуудын талаар ярилцаж, туршлагаа хуваалцаж буй ажээ.

“Хөрөнгөтөн” форумыг зохион байгуулагчид өмнө нь “Төв Азийн эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдлын талаар танилцуулна. Монгол Улсын банк, санхүүгийн, ялангуяа ББСБ, финтек компаниуд Казахстан, Киргиз, Узбекстан, БНСУ, Япон, Сингапур, БНХАУ, Вьетнам зэрэг Ази тивийн болон бусад орнуудад үйл ажиллагаагаа нэвтрүүлж эхлээд буй энэ үед туршлага, боломжоо хуваалцан ярилцах нь цаг үеэ олсон үйл ажиллагаа болно” гэж мэдээлж байв.

Энэхүү хаалттай форумд “Голомт капитал ҮЦК” ХХК оролцож, онцлох төслөөрөө Монголын санхүү, технологийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өнгөлж буй “Монголын финтек групп” ХК-ийг танилцуулсан нь содон байсан талаар эх сурвалж мэдээллээ.

“Монголын финтек групп” ХК-ийн онцлох ажлын нэг нь 2021 онд БНХАУ-ын төлбөрийн томоохон платформ Wechatpay-ийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага болсон байна. Үүний үр дүнд Монголын бизнес, худалдаа эрхлэгчид Хятадаас ирсэн жуулчдаас Wechatpay-ээр төлбөр шууд хүлээн авч буй юм.

Мөн БНХАУ-ын Аlipay-н албан ёсны түнш байгууллага болж, 2023 оны 4-р сард үйлчилгээг нь Монголд нэвтрүүлснээр дундын зуучлагчгүйгээр хятад иргэдийн Alipay данс руу төлбөрөө шууд шилжүүлдэг болжээ.

Үүний зэрэгцээ “ЛэндМН”, “Очун капитал”, “Инвескор” зэрэг манай улсын ББСБ-ууд хөрөнгө оруулалтын болон онцлох төслүүдээ танилцуулж, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, мөн профессор Д.Энхбаяр нарын салбарын экспертүүд оролцож байгаа аж.

Мөн БНСУ-ын “KONEX” хөрөнгийн биржийн захирал Дае Чун Ким зэрэг Солонгос улсын бизнесменүүд биржийн болон биржийн бус зах зээл дээр хэрхэн гарч, хөрөнгөө арвижуулсан туршлагаасаа хуваалцахаар иржээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу