ОХУ-ын нийтлэлч Георгий Зотов “Аргументы и факты” сонинд “Баярлалаа гэж хэлээрэй. Монголчууд фронтод өөрсдийнх нь тусыг аваад мартсан Оросод гомджээ” гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлснийг “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцолж байна.

“Миний өвөө 10 адуутай байсан” гэж бизнес эрхлэгч Самданы Зоригбаатар надад ярьсан юм. Тэрбээр “Өвөө минь 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман ЗСБНХУ руу довтлоход Зөвлөлтийн Элчин сайдын яаман дээр очиж, морьдоо фронтод бэлэглэж байгаагаа хэлээд, тэдгээрийг авч явахыг хүсжээ. Хэдэн сарын дараа тэд зөвхөн хагасыг нь л аваад явсан байна. Эмээ минь Улаан армийн цэргүүд өвлийн хүйтэнд битгий даарч бээрч, осгоосой гэж бодон, өдөрт 16 цаг хонь хяргаж, ноос хүлээлгэж өгдөг байсан юм билээ.

Арваад жилийн өмнө би Москвад ирээд, энэ тухай ярьсан. Гэтэл “Берлинийг эзэлж байх үед монголчууд гэртээ л сууж байсан шүү дээ” хэмээн хэн нэгний ярихыг сонсоход хэчнээн их гунигтай байсан гэж санана” гэж ярьсан юм.

Тийм ээ, бүхэл бүтэн улсаараа бидний хамтын ялалтын төлөө зүтгэсэн! Гайхалтай нь энэ үнэн. Би Монголд энэ мэтчилэн ижил төстэй олон түүх сонссон юм.

Орхоны хөндийд амьдардаг нэгэн эмээ ээж нь найман хонь оросуудад өгснийг дурсан ярив. Тэр “Дайсантай тулалдаж буй оросуудад хоол хүнс илүү их хэрэгтэй” гээд, айл өрх бүр эрвийх дэрвийхээрээ хөдөлж, байгаагаа илүүчлээд, өөрсдөө бүтэн өвөлжин өлсөж, нэг грамм мах ч үгүй яс буцалгаж, шөл гаргаж ууж байсан” гэж өгүүлсэн юм.

Хархорин орчмоор нутагладаг нэгэн хүн хэлэхдээ “Монголчууд тосгоны зөвлөлд ирж, ЗХУ-д тусламж болгон бүх өмч хөрөнгөө өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Бяцхан Монгол (тухайн үед Бүгд найрамдах улсад ердөө 820 мянган хүн амьдарч байсан) ЗСБНХУ-д АНУ-аас илүү их бараа нийлүүлдэг байсан гэж зарим түүхчид үздэг.

Тэд хувь нэмэр оруулсанаараа бахархаж байна

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков “Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд ЗХУ-д Монголын найрсаг ард түмэн асар их тусламж үзүүлсэн” гэж “Aif.ru” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Нацистуудын дайралтын эхний өдрөөс л БНМАУ манай улсын найдвартай ар тал болж чадсан. Хамгийн сүүлд монгол иргэд “Улаан арми”-д туслах хөдөлгөөн өрнүүлж, танкийн цуваа байгуулсан. Дайны эхний гурван жилд нийтдээ дулаан хувцас, гутал, хоол хүнс бүхий найман цуваа илгээсэн. Монголчууд зардлаараа “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх онгоцны эскадрил байгуулж, ЗХУ-д хүлээлгэн өгсөн.

Монгол морь дайсны эсрэг тууштай тэмцэж, тэсвэр хатуужлын бэлэг тэмдэг болж байсан. Тиймээс Москвад, “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д монгол морьдод зориулсан хөшөө босгосон. Фашизмыг ялахад монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бид санаж, үнэлэх ёстой. Орчин цагийн Монгол ч түүнийг мартдаггүй, бахархдаг.

“Эмээ эмээгээсээ өвлөгдөж ирсэн алтан ээмгээ бэлэглэсэн”

Алс холын бяцхан үндэстэн холбоотондоо хэрхэн тусалж байсан тухай түүхийг сонсоод хүмүүс үнэхээр их гайхдаг. Уран зохиолын багш Мэргэний Мөнхбаяр “Үнэнийг хэлэхэд, бидэнд жаахан гунигтай байна. Эмээ эмээгээсээ өвлөгдөж ирсэн алтан ээмгээ ЗСБНХУ-д хандивлаж байсан” гэж ярьж байв.

БНМАУ-ын иргэд нийтдээ 300 кг алт буюу айл бүр гэртээ хадгалж байсан үнэт эдлэлээ цуглуулан, бэлэглэж байжээ. Тэд сүүлчийн хадгаламжаа буюу 2.5 сая төгрөг (тухайн үеийн ханшаар 100.000 ам.доллар) өгсний хүчинд Зөвлөлтийн үйлдвэрүүд тэр мөнгөөр ​​53 танк, 12 байлдааны онгоц бүтээсэн байна.

М.Мөнхбаяр “1943 оны нэгдүгээр сарын 12-нд “Гучин дөрөв”-ийг, 1943 оны есдүгээр сарын 25-нд байлдагчдыг “Улаан арми”-д тус тус шилжүүлэн, фронтод илгээсэн. Хөөрхий Монгол ч танк, онгоцны засвар үйлчилгээг хариуцаж, 250 мянган ам.доллар зарцуулж байжээ! Сталин ч өөрөө монголуудад баярлалаа гэж хэлж байсан юм билээ. Түүнээс хойш олон он жил улиран өнгөрч, бидний оруулсан хувь нэмрийг оросууд мартжээ. Бидэнд ч бас баярлалаа гэж хэлээрэй” гэсэн юм.

Аугаа их эх орны дайны үеийн статистик мэдээллийг сонсоод та гайхаж магад. БНМАУ ЗХУ-д 437000 (!) морь бэлэглэсэн нь Зөвлөлтийн цэргүүдэд довтлоход тусалсан баатараг хүлгүүд юм.

“Өлсөхдөө суран бүсээ зажилдаг байсан”

Гавьяаныхаа амралтад гарсан Батсуурийн Тунгалаг “Би туурайн чимээг өдөр, шөнөгүй сонсож байснаа сайн санаж байна. 1941 онд би 5 настай, ЗХУ-ын хил дээр амьдарч байсан. Хүмүүс Зөвлөлтийн зүг мал сүргийг тасралтгүй, завсар зайгүй хөтлөн гаргаж байв. Монголчууд сайн дураараа малаа өгөөд зогсохгүй үхрээ ч өгөхийг хүсч байсан. Аав маань сарлагуудаа хандивлаж чадсанаараа их бахархдаг байсан. Тэр ээждээ “Оросууд үхэж байна, бид гараа хумхиад хойш суух гэж үү? Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж байв.

1944 оны сүүлээр хахир өвөл тохиож, Монгол өлсгөлөнд нэрвэгдэв. Учир нь мал гэх юм үлдээгүй тул хүмүүс тахь агнаж эхэлсэн бөгөөд бараг бүгдийг нь устгасан. Аав, ээж хоёр суран бүсээ буцалгаж, бид “шүүс”-ийг нь сорж, зажилдаг байлаа.

Зөвлөлтийн ард түмэн эргээд бидэнд тусламж, хоол хүнс хүргэх шаардлагатай тулгарсан. Аз болоход ЗХУ-д тухайн үед хүнсний байдал арай дээрдсэн байлаа” гэж ярив.

1941-1945 онд монголчууд ЗСБНХУ-д 700 мянган үхэр, сарлаг, бараг 6 сая хонь, ямаа бэлэглэсэн бөгөөд махыг нь Бийскийн махны консервийн үйлдвэрт шөл болгон боловсруулж, тэргүүн шугамд нийлүүлдэг байжээ.

ЗСБНХУ бараа нийлүүлж хүнс авдаг байсан бол монголчууд бүр ихийг үнэгүй өгдөг байсан. Тухайлбал, 1943 онд ядарч туйлдсан, өлсгөлөнд нэрвэгдсэн монголчууд дахин хонь, сарлаг, ямаа, бух, адуу нийлээд жилд 41000 гаруй мал Зөвлөлтийн ахан дүүстээ илгээж байжээ.

“Монголчууд Ялалтын төлөө бүхнийг фронтод”

Ардын хувьсгалт намын ажилтан асан Есүхэйн Галбадрах монголчууд Улаан цэрэгт зориулан монгол ноосоор олон зуун мянган нэхий дээл оёж, эсгий гутал, малгай, дулаан дотуур хувцас урлаж байсан талаар дурсав.

Тэрбээр “Өвөө маань хөршүүдтэйгээ хамт дулаан хувцсаа цуглуулж, “Улаан арми” руу явуулахаар хүргэж өгсөн. Монголчууд Ялалтын төлөө бүхнийг фронтод зориулж байв. Герман биднээс хол байсан, бид германчууд хэн болох талаар мэдэхгүй. Гэхдээ дайныг “хөршийн асуудал” гэхээс илүү “нийтэд учирсан гай зовлон” гэж үздэг байв” гэж билээ.

Энэ бүхний ачаар Зөвлөлтийн ард түмэн амьд үлдэхэд монголчуудын илгээсэн дулаан хувцас хүйтэнд осгохоос аварсан гэдэгт би итгэдэг. Энд маргах зүйл алга. Ганцхан сарын дотор (1942 оны 11-р сард) 30115 нэхий дээл, 31090 үслэг хантааз, 30500 хос эсгий гутал, 31257 хос үслэг бээлий ЗСБНХУ руу илгээжээ.

Дайны туршид монголчуудын Зөвлөлтийн ард түмэнд өгсөн тусламжийг тооцож үзвэл, 65 сая төгрөг буюу 2.5 сая ам.доллар. Тухайн үед Монгол Улс ямар ядуу байсныг бодоход энэ мөнгө бол үнэхээр “галзуурмаар их мөнгө”.

Тиймээс монголчууд гомдсонд гайхах зүйл алга. Эцсийн эцэст, энд байгаа зарим хүмүүс энэ тусламжийн хэмжээг үнэхээр мартсан байна.

1941 онд АНУ-ын хүн ам 132 сая байсан. Монгол, миний хэлсэнчлэн 820 мянган хүн амтай байв. Мэдээжийн хэрэг, монголчууд бидэнд багаж хэрэгсэл, машин нийлүүлж чадахгүй: тэдэнд ийм үйлдвэр байгаагүй.

Би дайны үед америкчуудын бидэнд үзүүлсэн тус дэмийг доог тохуу болгохыг хүссэнгүй. Европын холбоо 1,750,000 тонн лаазалсан мах, харин жижигхэн Монгол 665.000 тонныг нийлүүлж байжээ.

Монгол Улс 

Эх сурвалж: AIF
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу