Охины хоолой өвддөг тул энэ жил Булганы Баян-Агтыг зорив. Тэнд л Хануй гэх хүний бүхий л эрхтэнд ихээхэн сайн рашаан байдаг гэдгийг хэдэнтээ сонссон тул эргэлзэх зүйлгүй тийш жолоо мушгилаа. Улаанбаатараас 22-ын товчоо, 61-ийн гарам, Баянчандмань, Урьхан, Жаргалант, Баруунхараа гэж явсаар Сэлэнгийн Хөтөлд ирж түр амсхийв.

Оюутан ахуй цагаас нөхөрлөсөн яруу найрагч Эрдэнэтогтох рашаанд явах сургаар шинэ шөл уулгахаар хүлээж буй тул саатах учиртай болсон юм аа. Хөдөө гэрээсээ хонь төхөөрөхөөр авч ирээд байсан тул хонохоор болов. Рашаандаа эртхэндээ очих тусмаа сайн гэж бодох ч найзынхаа тэр их сэтгэлийг хэдхэн хоромд үрээд дуусгачихаж болохгүй гэж бодсон тул нэг хоногийн дараа рашаан руу хөдлөхөөр боллоо.

Улаанбаатар дуу чимээ, агаар хөрсний бохирдол ихтэй тул агаарт гарсандаа хүүхдүүд сэтгэл тэнүүн байгаа нь илт. Шавайгаа ханатал тоглог гээд тэднийг зөнд нь орхилоо. Эрто маань хонио төхөөрч, эхнэрүүд гэдэс цэвэрлэсээр оройн нар баруун ууланд таширлаад ирэв. Нар уулын цаагуур сүүдэр цацаж эхлэхтэй зэрэгцэн шинэ шөл уулаа. Хавь ойрд шөл уснаас хол явсан тул юм үзээгүй мэт хөлс бөнжигнөн дусална. Үргэлжлүүлээд хорхог ажиллагаа өрнөж, шөнө дөлөөр мах зооглосноор хажуулцгаалаа.

Ходоодны рашаан бидний явах замд байдаг талаар Эрто ярьсан тул маргааш өдөр нь уг рашаанаар орж, хүүхдүүд сэрүүцэн тоглож, томчууд нь хүйтэн рашаанаас хэд хэд залгилж аваад, аяны замаа эвхэж эхэллээ. Орхоны гүүрэн дээр ирэхэд утсан загас өлгөсөн хөрслөг бор хүүхнүүд загас, айраг цагаа авах хэрэгтэйг сануулж, эвтэйхэн яривал хулгар шар ч олж болох юм ярьж байх аж.

Бидний зам Сэлэнгийн Сант, Орхон, Баруунбүрэн сумдыг захалж явсаар Эрдэнэт хотод хүргэлээ. Багын найз Б.Алтанбагана хоол унд болох гэж тэвдэн, бид эртхэн зам дөхөх учиртайгаа хэлсээр цааш хөдөллөө. Багаа маань Эрдэнэт хотод орон сууц барих их ажилтай тул түүний ажилд саад болохыг хүссэнгүй. “Буцахдаа хэлээрэй” гэсээр багын найз минь гар даллан хоцорлоо.

Булган аймгийн төвөөр дайрч, Түлүүгийн даваанд ирэв. Машины зогсоол олдох нь бүү хэл найр наадам болж байна уу гэлтэй хөл тавих зай ч алга. Нарны эртэд Хануйдаа очихоор тохирсон тул том буузаараа алдартай Түлүүгийн даваанд буцахдаа бууз идэхээр болж хөдөллөө.

Даваа уруудан явсаар зүүн гар талын самбараа даган салж, шороон замаар галгиулав. Рашаан усанд явж байна гээд нэвт шувт давхиад байлтай биш хүүхдүүдийнхээ биеийн чилээг гаргаж, бууж суун явсаар 78 км шороон замыг хоёр цагт эвхэж амжлаа. Уг нь замдаа Уран тогоо уулыг харна гэсэн ч аль нь ч Уран тогоо уул нь юм мэдэлгүй явсаар ирчих нь тэр. Хануйн рашаанд ирэхийн босгон дээр ургаа чулуу ихтэй замаар хэсэг явна. Зам салалгүй явсаар Хануйн гүүрэн дээр ирэх аж.

Анх удаа тийш зүглэж байгаа болохоор танил зам гэж үгүй. Тиймээс бид аль нэг сумын төвд ирчихлээ хэмээн хоорондоо ярилцсан ч сумын төв бус рашаан руу зорих хүмүүсийг байрлуулдаг кэмп, жуулчны баазуудын байшин, гэрүүд байж таарлаа. Гүүрний постоор нэг машин 10 мянган төгрөг өгч нэвтэрдэг юм байна. Гүүр дөнгөж гарангуут зүүн гар тийш салсан замаар голоо даган буухгүй бол дээш өгсөх замаар танк л нэвтэрч чадахаар болжээ.

Оройн нартай уралдаж, рашааны бараа харж байгаа нь энэ. Хамт яваа сэтгүүлч найз М.Наранболд хотод байхдаа жуулчны баазтай холбоо барьчихсан байсан тул баазын залуу “Приус” машинтай угтан авч, дагуулан явсаар “Алтан ундарга” баазад ирлээ. Оройтож ирсэн тул маргааш өглөө рашаандаа орохоор болж амарцгаалаа.

Өдөрт гурван удаа рашаанд орох төлөвлөгөөтэй бид өглөө 09.00 цагт баазаасаа гарч, гурван гурван км орчим алхаж, рашааны эхэнд хүрлээ. Оволзтол хүмүүс бужигнах аж. Өглөө эрт болохоор харин ч хүн бага байна гэв. Хануйн рашаанд 10 жил дараалан ирж байгаа ахмадууд байх аж. Тэд шинэ хүмүүстээ ингэ, тэг гэж бяцхан зөвлөгөө өгөх юм билээ.

Наймдугаар сарын 5-наас 20-ны хооронд өвсний сөл бүрэн гүйцдэг тул рашаан усанд орох сайн гэдэг яриа бий. Тиймээс энэ хугацаанд хүмүүс их ирдэг байна. Гэхдээ оргил ачаалал нь наадмын урт амралтын өдрүүд байдаг гэнэ. Жуулчны баазтайгаа холбогдож байгаад ирэхгүй бол шовгор, гэр олдохгүй. Наадмын дараа нэг шовгор хоногийн 100 мянган төгрөг давдаг бол биднийг 8 сар гаргаад очиход 50-70 мянган төгрөгөөр нэг шовгор өвч болно гэж байсан юм. Харин “Алтан ундарга” жуулчны баазынхан биднийг нэг өдрийн 30 мянган төгрөгөөр байрлуулав.

Хануйн голын эрэг дагуух хүрмэн чулуун дундаас урсан гарах рашаан өмнө нь 108 байсан аж. Зарим нь ширгэсээр өдгөө 40 орчим рашаан гарах болсон талаар нутгийн иргэд ярьж байлаа. Биднийг очиход даралт, харшил, элэг, зүрх, цөс, бөөр, мэдрэл, нүд, шүд, уушги, ходоод, сав, чих, хамар, хоолой, толгой, арьс өнгө, нойр, түрүү булчирхай, хөл, өвдөг, гоо сайхан зэрэгт тустай рашаан, шавар байх аж.

Зундаа хүний хөл тасардаггүй их хөлийн газар юм байна. Рашаанд очсон хүмүүс “Ээж мод”-нд хүндэтгэл үзүүлэн, эхийн тухай гурван дуу заавал дуулна. Ээжтэй хүмүүс ээжийгээ санаж, ээжгүй хүмүүс эмтэрч дуулдаг бололтой юм.

Ээжийн тухай дуу дуулснаар “Ээж мод”-ны ёроолын холтосны эрэмхий дарам зайд рашаан дүүрдэг гэх ч энэ удаа тийм зүйл олж харсангүй. Харин эрхий дарам зайд хуруугаа оруулахад багахан хэмжээний тунарсан рашаан байснаас хүмүүс магнайдаа дээжлээд явцгаах.

“Ээж мод”-ны баруун талд толгойн рашаан бий. Тус рашаанаар таван литрийн саваар гурвантаа тэргүүндээ хийлгэснээр дараагийн рашаан руугаа явна. Анх удаа толгой дээрээ цэл хүйтэн рашаанаас таван литрийг хийлгэнэ гэдэг тийм ч амар биш ажээ. Эхний савтай рашаан талдаа орж амжаагүй байхад “Толгой тасарлаа. Одоо больё оо” гэхчилэн зугтах шахам хүмүүс олон.

Ёстой л толгой хага ташим хүйтнийг толгойн рашаанаас мэдэрч болно. Хэсэг азнаад хоёр дахь удаагаа рашаан толгой дээрээ хийлгэхэд цочроо гарсан болоод л тэр үү өмнөхөөсөө харьцангуй нааштай байлаа. Толгой руугаа таван литрийн саваар гурван удаа рашаан хийлгэснээр нүүрний рашаанд очно.

Үүнийгээ хүмүүс гоо сайхны шавар гэж байсан юм. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн хүмүүс рашааны шаврыг нүүрэндээ түрхэж аваад хаттал нь хүлээнэ. Хатсаных нь дараа рашаанаар угааж арилгах ёстой гэнэ. Бүсгүйчүүд голдуу нүүрний рашаанд очих ч тэднээс дутахгүй гэсэн шиг эрчүүд ч мөн тийм ч бага биш байлаа.

Тэндээс жаахан уруудахад цагаан, ногоон рашаан гэж байх. Шинэ хүмүүсийн дийлэнх нь олохгүй, олсон нь хаяг байхгүй тул чигээрээ яваад өгцгөөх. Бид эхний өдөр тус хоёр рашааныг олж харалгүй зөрөөд өнгөрчихсөн байснаа мэдэв. Харин маргаашаас нь рашааны зохицлыг тэнцвэржүүлдэг гэх цагаан, ногоон рашаанаас хүртэж эхлэв. Уусан рашаан биедээ эм болог гэсэн хүмүүс тус рашаанаас заавал хүртэнэ.

Дараагийн рашаан нь хамрынх гэнэ. Рашаанаас аваад хамар руугаа сорж, хамраа угаах үйл хийнэ. Зарим нь хамраараа хэт сорсноос болж тархи руу хатгуулж байна хэмээн чангаар орилж байх аж. Хамрын рашаан дараалал багатай юм билээ. Үүний дараа байнгын дараалалтай байдаг зүрхний рашаанаас хүртэх ёстой. Хүлээж хүлээж, өөрсдийн ээлж ирэхэд хадан дундуур алд хэрийн урт оосортой жижиг модон уурганаас холбосон саваар рашаанаас хутгаж хүртэнэ. Ингэхдээ хойд талын зүрх хэлбэртэй уул руу харж хүртвэл нэн сайн гэцгээж байв.

Эндээс харахад, монголчууд зүрхний асуудал их бололтой. Зүрхний рашааныг тойрч гарах ганц ч хүн байхгүй. Бүгд их, бага хэмжээгээр хүртэнэ. Рашааны ээлж болтол хүлээх зуураа хуянгийн хад, модонд нуруугаа үрж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой. 

Ер нь бол завтай юм шиг хэрнээ хамгийн завгүй мөчүүд рашаан дээр өнгөрөх аж. Мөн энергийн хад гэх сүрхий том чулуу бий. Суухаасаа өмнө зүүн гарын эрхий хуруугаа нэг нүхэнд хийж, баруун гарын чигчий хуруугаа өөр нэг нүхэнд хийж эргүүлснээр энергийн цоожийг нээдэг гэх. Цоожоо нээчихээд энергийн чулууны суудалд заларч, энергиэ аваад, буцаан цоожилсноор бөөн энергитэй хүмүүс цааш явцгаана даа.

Өвдөгний үе мөчөөр өвддөг хүмүүс өвдөгний рашаанд гурван минутаар гурван удаа сууж, цөс, элэгний рашаанаас хүртэнэ. Цөсний рашаанд очих хүмүүс тийм ч их биш. Гэхдээ цөсний хаданд очиж, цөсөө наах хүмүүс байсаар л байх юм билээ. Харин элэгний рашааны дэргэдэх модон сандал, хад чулууд хүнгүй байна гэж байхгүй. Өвдөг, тавхайгаа үрдэг чулуу, нурууний чилээ гарган татдаг нурууны хад гэхчилэн үргэлжилнэ.

Тэндээс цааш чихний эмчилгээний чулуунд орж, уушги, нойр булчирхайн рашаанаас хүртэнэ дээ. Хүмүүс алгын чинээ чулууг чихэн тус газраа нааж эмчилж байх юм билээ. Бүтэн өдрийн турш хүмүүсийн хөлд дарагддаг нь хоолойны рашаан. Хануйн рашаанд очсон хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүдийнхээ хоолойг өвтгөхгүй байхад анхаарч ирдэг гэхэд болно. Төрөөд хэдхэн сар болсон хүүхдээс эхлээд бүх насныхан хоолойн рашаанд хөлөө дүрж сууна. Таван минутаар гурван удаа орох ёстой гэж байлаа.

Бага насны хүүхдүүд хүйтэн рашаанд орохгүй гэж тэрүүгээр нэг орилж, уйлж, хашхична. Аав, ээжүүд алиалагч болж нэг үзнэ. Загнаж нэг үзнэ. Утсаараа тоглуулангаа хөлийг нь дүрүүлэх гэж хичээнэ. Тэнгэрийн үнээр зарагдаж байгаа тоглоомоос авч, хүүхдээ тоглуулангаа рашаанд оруулах гэж төрөл бүрээр үзэж байх юм билээ. Хүчээр тэвэрч ороод, хөлийг нь дүрэх эцэг, эхчүүд ч бишгүй. Уг рашаанд хоёр жил дараалан ороод, гам сайн барихад хүүхдийн хоолой өвддөггүй талаар учир мэдэх хүмүүс нь ярьцгаах юм билээ.

Тус рашааны дэргэд мэдрэлийн рашаан бий. Анх очиж байгаа хүмүүс тоглоом наадам хийж “Эхнээр, энэ рашаанд нэг орчих. Мэдрэлийнх гэж байна” хэмээцгээнэ. Эцэстээ эхнэрүүдээс илүү эрчүүд тус рашаанд орж, эхнэрүүд нь хүүхдүүдээ аваад хоолойн рашаанд сууцгаана.

Мэдрэлийн рашааны хүйтнийг ярих юм биш. Эрчүүд 30 секунд орчим суугаад, тэсвэр алдан гардаг бол эмэгтэйчүүд болон ахмад настнууд гурван минут суух бүү хэл хэвтэхдээ ёо ч гэж дуугарахгүй гарч ирцгээх юм билээ. Эрчүүд хөлдөж үхлээ гэсээр гарч ирэн, алчуураар биеэ хулдана. Мэдрэлийн рашаанд орсноор биеийн бүхий л эд эс сэргэдэг аж. Тийм хүйтэн рашаанд ороод сэргэхгүй бие гэж байхгүй л байх.

Хоолойн рашаантай залгаад доторын рашаан бий. Нууцлагдмал шахуу байдаг болохоор түүнээс ууж байгаа хүн тун цөөн харагдана. Хүний хөлд дарагдах мэдрэл, хоолойны рашааны дэргэд нутгийн иргэд хуушуур, бууз, зайдасны ороомог зарцгаах. Хуушуур, бууз нь 2000, зайдасны ороомог нь 3000 төгрөг. Мөн хонины чанасан толгой, төмс, лууван, гурилын хамт 35 мянган төгрөг гэж байв. Уухай хадааж буй мэт л “хуушуур аваарай” хэмээн орилолдоно. 

Мөн тэнд үе мөчний рашаан гэж бий. Ахмадууд голдуу хөлөө дүрж, хол ойрын тухай буу халж сууцгаана. Ахмадууд хэдийнэ биесээ таньдаг болчихсон золголт шахуу юм болох аж. Тус рашаан нь устай, замагтай, шавартай гэдгээрээ бусдаасаа өөр. Суудлын ажилтай залуус рашааны хашааны гадна талд ууц, нуруугаараа шавар тавиулаад, 15 минут болсны дараа шавраа хуулан авч, бяцхан цөөрөм мэт рашааны газарт шавраа буцааж хийцгээнэ.

Эхний хоёр өдөр настайчуудын рашаан хэмээн тоглоом шоглоом хийж байсан ч гурав дахь өдрөөс нь эхлээд гурван өдөр дараалан нуруундаа хүйтэн шавраар бигнүүр хийлгэв. Ямартай ч удаан машин барихаар чилж өвддөг нуруу лав 10 гаруй цаг машин барьж явахад өвдөхөө мэдэрсэнгүй. Тэгэхээр тус ихтэй шавар байна гэж хувьдаа дүгнээд байгаа.

Эндээс нэг хэсэг рашаангүй газраар байгалийн үзэсгэлэнг харангаа алхах юм. Рашааны төгсгөл хэсгийн эхэнд нүд, шүдний рашаанаар нүд, шүдээ зайлж, бөөрний рашаанаас ууж аваад, чулуугаар бөөрөө бигнэчихнэ. Бөөрний рашаан, бөөрний чулуу мөн л дараалал ихтэйдээ ордог аж. Тэндээс цааш явахад эмэгтэйчүүд сав, эрэгтэйчүүд түрүү булчирхай, сахарын рашаанаас хүртээд, толгойны уудаг рашаан дээр ирнэ.

Рашааны төгсгөлөө ходоод, хоолой, харшлын рашаанаас хүртсэнээр өндөрлүүлнэ. Үндсэндээ нэг талдаа 3 км, уруудаж рашаан уухад 3 км, нийт 6 км зам туулахад 5-6 цаг шаардагдаж байлаа. Хэчнээн хурдан замдаа сааталгүй явсан ч таван цагаас бага хугацаанд явна гэж бараг байхгүй. Тухтай, тааваараа явдаг хүмүүс өдрийн хагасаас илүү цагийг зарцуулахаар байв. Хад чулуу ихтэй болохоор могой элбэг талдаа юм билээ. Тиймээс хүүхдүүдээ гэлтгүй өөрсдөө ч хад чулуунаас аль болох холхон явахыг урьтал болгов.

Бид тав хоног рашаанд орох тул “Алтан ундарга” жуулчны баазынхаа захирал Отгонпүрэвтэй танилцан, хонины шинэ шөл уухаар болж, идэшний хонь захив. Отгонпүрэв бидэнд биеэр том хонийг 130 мянгад бодож өглөө. Хонио төхөөрүүлэхэд 10, хонины гэдэс арилгуулахад 10 мянга гээд, 150 мянган төгрөгөөр хангалттай идэх махтай болчихож байгаа юм.

Захиалгын хоол хийж өгдөг юм билээ. Нэг удаагийн хоол идэх мөнгөөрөө бүтэн хонь аваад таван өдөр идчихнэ гэдэг бол маш том хэмнэлт. Захиалгын хоол хийлгэж идэхгүй гэвэл зуух, тогоо, түлэх модыг нь гаргаад өгчих тул ёстой амар. Баазын маань эзэн Отгоо тун элгэмсүү нэгэн. Үргэлж санаа тавин яах ийх талаар орж ирж асууна. Булганы Баян-Агтын нэрт яруу найрагч Л.Ганзултай 10 жилд нэг ангид сурч явсан найзууд юм билээ. 

Хануйн рашаанд байхад үдээс хойшдоо бага зэргийн бороо орж, солонго татаж, халуун ч биш, сэрүүн ч биш тун таатай орчныг байгаль цаанаасаа бүтээж өгч байсан юм. “Алтан ундарга” бааз олон хүн холхисон баазуудаас хамгийн хойно байрладаг тул дуу чимээ байхгүй, зам нь эвдэрч хэмхэрээгүй, нам гүм талдаа. Рашаан хүрэхэд хамгийн ойр байршилтай гээд давуу тал олонтой.

Хануйд тэр олон төрлийн рашаан уугаад явахад 00-ийн асуудал маш хүнд. Уг нь гурван 00 байгаа ч нэг нь л ажиллаж байлаа. Нөгөө хоёр нь хариуцсан хүнгүй тул манайхан дүүртэл нь хүнд, хөнгөн бие засаад, ойртохын эцэсгүй болгочихсон. Ажиллаж байгаа ганц 00-доо 500 төгрөг өгөөд бие засаж болно.

Мөнгөтэй, мөнгөгүй хүмүүс холхиж, үнэгүй орчих гээд үйлчлэгчийг сандаргана. Эхэндээ хатуурхаж байгаа ч сүүлдээ үнэгүй оруулчихаж байгаа харагдсан. Хүмүүс нь мөнгөө төлөхөөсөө төлөхгүй нь их тул тэнд сууж 00 ажиллуулах хүн олддоггүй талаар учирлаж байсан юм. Маргааш рашаанд орохдоо мөнгөө өгье, яг одоо шилжүүлчихье гээд хулхидах рашаанчид ч бий гэж байв.

Хүн хэт их төвлөрөх болсноор рашааныг чанар суларч байгаа талаар ахмадууд хэлж байсан ч эрүүл мэндэд ямар ч байсан тустайг хэлсээр байв. Эмч нар ирж, рашааныг чанарыг шалгаад явдаг гэж байлаа. Рашаан хүртэж байхдаа шарсан хуурсан хоол идэхгүй, архи дарс уухыг цээрлэдэг байна. Аль болох цөөн рашаан хүртэж, биеэ эмчлэх ёстой гэж ярьж байсан ч үүнийг дагаж байгаа хүн гэж алга. Хэрэгтэй гэсэн бүх рашаанаас хүртэх аж.

Ёстой хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очдог газарсанж. Рашаандаа орж дууссан хүмүүс найман км-ын цаана байрлах Шарга нуурт очиж, усанд орж, рашаанаа баталгаажуулдаг гэсэн тул бид ч тийшээ очлоо. Хэд хоног хүйтэн рашаанд орж, бие дасал болсон тул Шарга нуурын ус бүлээн гэж жигтэйхэн. Нууранд хар хорхой байдаг гэх юм билээ.

Хүний биеийн өвчтэй хэсгийг хатгадаг талаар нутгийнхан хэлж байсан. Нууранд усанд тоглосоор багачууд хатгуулсан эсэхийг ч мэдэж чадсангүй. Хануйн рашаан, Шарга нуур цаанаа л нэг таатай. Ангир нургиж, галуу гангасан тансаг байгалийг тэнд үзнэ.

Э.ЭНХБОЛД

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу