Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр (2023.08.13) болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулууныг ажлаас нь чөлөөлж, оронд нь МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.

Түүх сөхвөл, Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд Улаанбаатарт зохион байгуулжээ. Монголын Шинжлэх ухааны академийн дэргэд 1970 онд академич Б.Ширэндэвээр ахлуулсан хэл бичгийн эрдэмтдийн Их хурал зохион байгуулах байнгын хороо байгуулсан байна.

Байнгын хороо хэд хэдэн удаа хурал зохион байгуулж, 1987 онд болсон Монголч эрдэмтдийн 5 дугаар Их хурлаас Олон улсын монгол судлалын холбоо (ОУМСХ)-г байгуулж, тухайн үеийн Сайд нарын зөвлөл албажуулж тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрөөс ОУМСХ-г анх байгуулсан бөгөөд өдгөө ТББ-ын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага юм.

ОУМСХ дэлхийн 40 шахам орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй. Дэлхийн Монгол судлаач эрдэмтдийг мэдээллээр хангах, хамтын ажиллагааг өрнүүлэх, улмаар Монгол судлаач эрдэмтдийг төрөөс дэмжих бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой тус холбооны Ерөнхийлөгчөөр Бирталан Агнеш (Унгар) ажилладаг.

ОУМСХ-ны ерөнхийлөгчөөр О.Латтимор (АНУ), Шигэо Озава (Япон), К.Закастер (ХБНГУ) зэрэг нэрт эрдэмтэн ажиллаж байжээ. Ерөнхий нарийн бичгийн даргаар нэрт эрдэмтэн Ш.Бира 20 жил, академич Д.Төмөртогоо нар ажиллаж байсан түүхтэй юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу