Хавай арлын Мауи мужийн засаг захиргаанаас ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. Түймрийн улмаас өнөөдөр (2023.08.14)-ийн байдлаар амиа алдагсдын тоо албан ёсоор 93-д хүрсэн бөгөөд цаашид улам нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.

Лахайна хотыг сүйрүүлсэн түймрийн 85 хувийг унтраажээ. Түймэрт нийт 2170 акр талбай өртсөн тооцоолол гарсан байна. Өдгөө эрэн хайх, сэргээх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хавайн Амбан захирагч Жош Грин өнгөрсөн Ням гарагт “Мауи мужийн Лахайна хотод дэгдсэн асар хүчтэй түймэр 93 хүний ​​амийг авч одлоо” гэж мэдэгджээ.

Арлын эргэн тойронд харилцаа холбоо тасарсан тул зарим гэр бүл төрөл төрөгсөдтэйгөө уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа аж. Гэхдээ итгэл найдвар бөхөөгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд нэгэн өвөө гэр бүлийнхэнтэйгээ түймэр дэгдсэнээс хойш гурав хоногийн дараа буюу өнгөрсөн Ням гарагт эсэн мэнд уулзжээ.

Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар, түүхэн Лахайна хотыг сүйрүүлсэн түймэр АНУ-д сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн том гамшигт түймрээр нэрлэгдэж байна.

Үхлийн аюултай ой хээрийн түймэр Лахайна хотын бүх хорооллыг сүйрүүлж, түүхэн дурсгалт газрууд үнс нурам болж, Хавайн Мауи мужийн олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ.

 

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу