Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр (2023.08.14) “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.



СӨРӨГ ХҮЧИН БАЙХ, ЭРХ БАРИГЧДЫН ӨӨДӨӨС ҮГ ХЭЛЭХИЙН ЭСРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГЛЭЛД АРДЧИЛСАН НАМД ҮҮССЭН БАЙНА

АН-ын ҮБХ-ны гишүүн А.ЦЭРЭНБАТ:

-Манай намын хувьд дөрвөн байрны асуудал яригддаг. Ардчилсан нам 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. 2013 онд намынхаа байрыг шинэчилнэ гэж Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийж, байраа тус банканд өгч буулгуулж байсан. Түүнээс хойш 10 жил боллоо.

Намын өмч хөрөнгө байрны тухайд ямар ч эзэн алга. Дандаа маргаантай явж ирсэн асуудал. Сүүлийн гурван жилийн турш бид Худалдаа хөгжлийн банктай шүүхийн маргаан үүсгэх гэж оролдсон. Тэр болгонд шүүхээс Ардчилсан намыг төлөөлөх хүн алга, маргаантай байна гэсэн хариу өгдөг. Гэрээний дагуу 25 давхар, хурлын заалтай, залуучууд нь цугладаг, үзэсгэлэн гаргадаг, мэтгэлцээн явуулдаг, бодлогын судалгааны байруудтай Ардчилсан намын байр баригдах хугацаа өнгөрөөд таван жил болж байна.

Намын ялагдалд энэ бүхэн нөлөөлсөн гэж бид боддог. Яагаад гэвэл нэгдсэн байргүй, гишүүд нь цуглах газаргүй. Нам гэдэг чинь үнэт зүйл, оюун санаа, бодлогын мэтгэлцээний төв байдаг. Гэтэл намын байргүйгээс болоод нэг нь нэг байр түрээслээд л, түүнийгээ АН-ын байр болгочихдог. Энэ асуудлыг намынхаа дотор ярихад “Байраар яах юм бэ, Худалдаа хөгжлийн банкны зөв” гэдэг бүлэглэл ч байна. Ардчилсан намын эд хөрөнгийг дээрэмддэг, намыг хүчин мөхөс байлгах зорилготой. Ардчилсан нам сөрөг хүчин байх, эрх баригчдын өөдөөс үг хэлэхийн эсрэг зохион байгуулалттай бүлэглэл Ардчилсан намд үүссэн байна.

2020 оны сонгуулийн дараа намын эд хөрөнгийг хүлээж авсан хүмүүс одоо болтол намын даргад хүлээлгэж өгөөгүй. “Шонхор тауэр”-аас 40 компьютер, 30 автомашин, намын архив, дуу бичлэгүүд гээд биет болон биет бус өмчийг авч явсан. Гурван жилийн турш намын энэхүү эд хөрөнгийг Лу.Гантөмөр даргад хүлээлгэж өгөөгүй байна. АН-ынхан намынхаа өмч хөрөнгийг хамгаалж чадахгүй байж яаж иргэдийн эрх ашиг, бизнес, өмчийг хамгаалах юм бэ.

Худалдаа хөгжлийн банк гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар таван жил боллоо. Тус банкнаас Ардчилсан намын 25 давхар байр барина гэж байсан газраа эргүүлж авмаар байна. Тэндээ залуучууд нь өөрсдөө хөрөнгө босгоод, Ардчилсан намын байрыг баримаар байна. Менежментийг нь сайжруулбал байр барих асуудал биш. Худалдаа хөгжлийн банк Ардчилсан намын байр барих газрыг булаан, намыг хүчгүйдүүлж, дээрэлхэж байна.

АН-ын байрыг барьж өгнө гэсэн банк 10 жил гэрээний үүргээ гүйцэтгэсэнгүй. Ардчилсан нам 2-3 газарт байр түрээсэлсэн. Үүнийг болон Ардчилсан намын нураагдсан байрны өртгийг бид тооцоолж байна. Талбайн хажуу талын 1000 орчим мкв-тай байр өнөөдөр бараг хамгийн багадаа 10 тэрбум төгрөгт хүрнэ. Хотын А бүсэд байгаа газар нь хэдэн төгрөг болох вэ? А бүсэд байгаа газрыг авахын тулд Ардчилсан намынхныг 10 жил гудамжны тэнүүлч шиг явууллаа.

Сүүлийн найман жил Ардчилсан нам ялагдлаа. Гурван жилийн турш дотоод маргаантай байлаа. Энэ бүхэнд Худалдаа хөгжлийн банк нөлөөлсөн. Тус банкны удирдлагуудтай уулзаж, гарч ирэхгүй бол улс төрийн хүчтэй акц өрнүүлнэ.



“Д.ЭРДЭНЭБИЛЭГЭЭС НЭН ЯАРАЛТАЙ АРДЧИЛСАН НАМЫН ГАЗРЫГ ШИЛЖҮҮЛЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА”

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.АЛТАНХУЯГ:

-Ардчилсан намын байрны асуудлыг эв зүйгээр шийдэх үүднээс Худалдаа хөгжлийн банканд бид шаардлага хүргүүлсэн. Бид маш том бүлэглэлтэй холбоотой асуудлыг ярьж эхэлж байна. Гэтэл энэ хүмүүсийн чих нь дүлий байна.

“Сахал” хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн маш том бүлэглэлийн эзэн. Энэ нь ч нууц биш болсон. Нам дамжсан, хэнд ч дийлдэггүй, бүхнийг булааж авч байдаггүй, цаддаггүй бүлэглэл бий. Улс орны үнэт зүйлийг хүртэл булааж авдаг. Эрдэнэт, төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент” зэргийг булааж авсныг та бүхэн мэдэж байгаа байх. Дээрээс нь Ардчилсан намын байрыг булааж аваад, нураасан. Ардчилсан нам байртай байсан юм шүү. Тэндээ хуралдаж, үнэт зүйлээ бий болгосон. Тэр байрандаа олон ялалтыг авчирсныг намын гишүүд мэдэж байгаа. Жижиг ч гэсэн тэр байр 200 мянган гишүүний үнэт зүйл байсан.

Ардчилсан намд өнөөдөр байр алга. Байр түрээслээд, хуралдах газаргүй байна. Худалдаа хөгжлийн банк Ардчилсан намд 2000 мкв талбай өгнө гэж хэлээд, 10 жил өнгөрөөд байна. Шүүхээс Ардчилсан намыг итгэмжилсэн төлөөлөгчгүй гэдэг. Гэтэл бид намын даргатай. Бид шат шатны арга хэмжээ авч, намын байраа авна.

Худалдаа хөгжлийн банк Д.Сүхбаатарын талбайг тойруулаад байр бариад байгаа ч Ардчилсан намын байрыг барьдаггүй. Тиймээс бид газраа аваад, өөрсдөө байраа барина. Сонгууль хүртэл Худалдаа хөгжлийн банк гэрээнийхээ үүргийн дагуу Ардчилсан намд 2000 мкв байр гаргаж өгөх ёстой. Үүнийгээ ч бид нэхэмжилнэ.

Худалдаа хөгжлийн банкны жирийн ажилтнууд энэ асуудалд хамаагүй. Бид Д.Эрдэнэбилэгтэй тооцоо бодно. Ардчилсан намын амттай бүх зүйлийг энэ хүн идсэн. Ардчилсан намын 200 мянган гишүүн намынхаа газрыг автал тэмцэнэ. Гадагшаа гараад зугтаах биз. Шүүх, цагдаатай нийлж байгаад намынхаа газрыг авна.

Худалдаа хөгжлийн банк банкныхаа үйл ажиллагааг явуул. Битгий намын үйл ажиллагаанд оролц. Д.Эрдэнэбилэгээс нэн яаралтай Ардчилсан намын газрыг шилжүүлж өгөхийг шаардаж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу