БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн пуужингийн үйлдвэр зэрэг зэвсгийн гол үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагаатай танилцаж, пуужин болон бусад зэр зэвсгийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэхийг үүрэгдсэн талаар тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр Даваа гаригт батлан ​​​​хамгаалах салбарт хийсэн “гэнэтийн шалгалт”-ынхаа үеэр зэвсэг олноор үйлдвэрлэж буйг онцолсон байна. Ким Өмнөд Солонгос, АНУ жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилтад бэлтгэж байгаа үед ийнхүү үйлдвэрүүдээ тойрч буй бөгөөд хоёр орны сургуулилтыг “Хойд Солонгост халдлага үйлдэх зорилготой” гэж тодорхойлсон байна.

Ким пуужингийн үйлдвэрт саатах үеэрээ үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэхийг үүрэгджээ. Ингэснээр тус байгууламж фронтын цэргийн ангиудын хэрэгцээг хангахын тулд пуужингуудыг бөөнөөр үйлдвэрлэх боломжтой болно гэж KCNA мэдэгджээ.

Ким бусад үйлдвэрүүдэд зочлохдоо илүү орчин үеийн пуужин хөөргөх ачааны машин үйлдвэрлэхийг уриалж, том калибрын олон зориулалттай пуужин харвагч төхөөрөмжийн үйлдвэрлэлийг “экспоненциал хурд”-аар яаралтай нэмэгдүүлэх шаардлагатайг хэлсэн байна.

Ким мөн байлдааны зориулалттай шинэ хуягт машин жолоодсон бөгөөд Хойд Солонгос дайснуудаа “устгах” хүчин чадалтай, аливаа дайныг даван туулахад бүрэн бэлэн байх ёстой” гэж хэлсэн талаар KCNA агентлаг мэдээлсэн байна.

Шинжээчид “Ким эцэст нь Вашингтонтой дипломат харилцаагаа сэргээх, хориг арга хэмжээг зөөлрүүлэхийн тулд орчин үеийн зэвсгээ ашиглахыг зорьж байна” гэж үзэж байгаа аж.

Цагаан ордон энэ сарын эхээр “ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн сард Пёньянд айлчлах үеэрээ Москвад худалдах сумны хэмжээг нэмэгдүүлэх талаар Умард Солонгосын албаны хүмүүстэй ярилцсаныг АНУ-ын тагнуулын албаныхан тогтоосон” гэж мэдэгдсэн билээ.

Ким өөрийн цөмийн хөтөлбөр болон тахал өвчин, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Хятад, Оростой харилцаагаа сайжруулахыг хичээж буй юм байна.

Эх сурвалж: ALJAZEERA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу