Олон улсын Монгол судлалын холбоо  (ОУМСХ) өчигдөр (2023.08.14) хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон талаар бид мэдээлсэн.

Энэхүү томилгоотой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “С.Чулуун муу, сайн хэлүүлдэг ч эрдэмтэн хүн. Оронд нь очиж буй гэх энэ хүнийг гадаадад бүү хэл дотооддоо ч мэдэхгүй. Монгол судлал гэдэг шинжлэх ухаан байхаас гадна дипломат бодлогоо хэрэгжүүлэх чухал суваг.

Бидэнд гялалзсан өнөөдөр байхгүй ч, гайхамшигт түүх, соёл бол бий. Хэл ус, эрдэм боловсрол, харилцах увдис ухаан, мэдлэг чадвартай хүн манайд зөндөө шүү дээ, уг нь” гэжээ.

Өдгөө ОУМСХ-нд дэлхийн 40-өөд орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй байдаг. Дэлхийн Монгол судлаач эрдэмтдийг мэдээллээр хангах, хамтын ажиллагааг өрнүүлэх, улмаар Монгол судлаач эрдэмтдийг төрөөс дэмжих бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Тус холбооны Ерөнхийлөгчөөр өдгөө Бирталан Агнеш (Унгар) ажиллаж буй бөгөөд өмнө нь О.Латтимор (АНУ), Шигэо Озава (Япон), К.Закастер (ХБНГУ) зэрэг нэрт эрдэмтэд ажиллаж байжээ. Мөн ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар нэрт эрдэмтэн Ш.Бира гуай 20 жил ажилласан, мөн академич Д.Төмөртогоо гуай олон жил ажилласан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу