Үерийн улмаас орон гэргүй болсон 46 өрхөд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс иж бүрэн тавилгатай, таван ханатай гэр олгож, үерийн эрсдэлтэй бүсээс холдуулан амьдарч байгаа газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгсөн билээ.

Гэтэл эдгээр нүүлгэн шилжүүлсэн айлууд өмнө нь амьдарч байсан газраа буюу үерийн эрсдэлтэй бүсэд шинэ гэрээ барьж, амьдарч байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна.

Тодруулбал “2023 оны наймдугаар сарын 05-ны өдрийн үерт гэр хашаагаа бүрэн алдлаа гээд сууж байсан айлуудад нийслэлээс өөр газарт бүрэн тавилгатай гэр өгч байлаа.

Харин нөгөө айлууд маань шинэ газраа хаяад шинэ гэрээ хуучин үерийн далан дээрээ буцаагаад барьжээ. Одоо дахин үер болбол дахиад урссан ч гомдолгүй л гэж байгаа юм байхдаа” хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Нүүлгэн шилжүүлсэн байршилд анх байсан 20 гэр бүгд байна гэж дүүргээс мэдээлэл ирүүллээ. Өөр хүмүүс эрсдэлтэй байршилд шинээр буусан байж магадгүй. Газрын албанаас шалгаад хариу өгье” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу