Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж ярилцлаа.

-Сэлэнгэ аймаг удирдах ажилтны зөвлөгөөнөө хийлээ. Энэ удаагийн зөвлөгөөний онцлог болоод үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Бид 2023 он буюу туулай жилийг аймгийнхаа хэмжээнд “Иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд онцлон хэрэгжүүлэх ажлуудаа тодотгон, сум, баг, өрх бүрд хүрсэн үр дүнг гаргахын төлөө Сэлэнгэ аймгийн удирдлагын баг бодлогоо чиглүүлэн ажиллана.

Өнөөдөр аймгийн удирдлагын баг, тэр тусмаа төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлдэг багийн Засаг дарга нартай энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хүмүүс төрийн бодлого зорилт, хувь хүний хөгжлийн талаар шинэ мэдлэг мэдээлэл ч авлаа. Манай зөвлөгөөний урилгыг хүлээн авч, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүд, “Е-mongolia академи”, Онцгой байдлын ерөнхий газар болон “Хурдасгуур төв”-ийн захирал Б.Дөлгөөн, “Менторшип” сургалтын удирдагч багш, доктор Ц.Бүжидмаа, Удирдлагын академийн багш доктор П.Оюун-Эрдэнэ нартаа удирдлагын багийн бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье.

-Зөвлөгөөн болохоос өмнө аймгийн Засаг даргын захирамжаар томилсон ажлын багууд сумдад ажилласан. Ажлын багийн дүгнэлт, ажлын үр дүн зөвлөгөөнтэй хэрхэн уялдаж байна?

-Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож сумдад ажилласан ажлын багийн гишүүд юуны түрүүнд багийн Засаг дарга нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. Иймээс энэ үйл ажиллагаанд оролцуулж, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд 2023 онд хамтран ажиллах гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд та бидний дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, төрийн ажил үйлчилгээг цахим шилжилттэй хослуулах замаар иргэдэд хүргэж, аймаг, орон нутаг, салбарын хөгжлөөрөө улсдаа түүчээлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Иймээс бид “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан бодлого зорилтуудыг аймгийнхаа бодлого зорилтуудтай уялдуулан ажиллана.

-Сэлэнгэ аймагт 2023 онд хийх томоохон ажлуудаас дурдвал?

-2023 оны эхний улиралд манай аймаг хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал Малчдын зөвлөгөөн, Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, Ногоочид, тариаланчдын зөвлөгөөн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэгч, тарьц суулгац тариалагч нарын зөвлөгөөн, Эрдэмтдийн чуулга уулзалт, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, Инженер техникийн ажилчдын зөвлөгөөнүүдийг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд сумдын Засаг дарга нар аймгийн зөвлөгөөнүүд зохион байгуулахаас өмнө сумын зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, агентлагийн удирдлагууд дээрх арга хэмжээнүүдэд идэвх санаачилгатай оролцохыг сумдын удирдлагуудад онцгойлон анхааруулсан.  

-Та бас хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өгсөн. 2023 оны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд туссан, хэрэгжүүлж амжаагүй зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэх чухал жил гэж ойлгож байгаа. Энэ талаар?

-Аймгийн Засаг даргын зүгээс аймаг, сумдын удирдлагуудад хандаж үүрэг чиглэл өглөө. 2023 онд хэрэгжиж эхлэх хуулиудыг салбар бүрээр судалж, үйл ажиллагаандаа мөрдөн, зөрчил дутагдал гаргалгүй ажиллах. Иргэдийг мэдээ мэдээллээр хангах ажлыг нэн түрүүнд хэрэгжүүлэх ёстой. Мөн Багийн иргэдийн Нийтийн хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх. Түүнчлэн төрийн ажил, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд онцгой анхаарах. Мөн авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг шинэлэг арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах талаар санаачилгатай ажиллахыг анхааруулж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн.  

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудтай холбогдуулан Сэлэнгэ аймагт тодорхой хийх ямар ажлууд байна?

-2023 оныг манай аймаг “Иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сум, байгууллага бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилт үр дүнг улирал бүр тооцон ажиллана. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдаас Сэлэнгэ аймагт нийт хүн амынхаа 20 хувь буюу 21000 гаруй иргэнийг хүлээн авах үүрэг чиглэл өгсөн.

Иймээс бидэнд ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгаа дэмжих, нийгмийн салбарт маш олон төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод, “Хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал” хөдөлгөөнүүд нь манай аймагт таатай боломжуудыг бий болгож байгаа. Тухайлбал Эдийн засаг, хөгжлийн яамнаас Сүхбаатар, Сайхан, Мандал, Ерөө сумдад ХАА-н логистик, нийлүүлэлтийн төвийг байгуулах боломжтой гэсэн судалгааг гаргасан. Иймд холбогдох газрууд хамтран эхний ээлжинд тооцоо судалгааг маш сайн гаргах хэрэгтэй.  

Мандал сум бол Монгол Улсад хамгийн эрт буюу 6 дугаар сарын эхээр эрт ургацын байцайг зах зээлд нийлүүлж эхэлдэг. Иймээс тус сум нь цаашид улсын байцайны хэрэгцээг бүрэн хангах боломж байна гэж аймгийн даргын зүгээс харж байгаа. Мөн Сайхан сумыг баруун бүсийн сумдын тулгуур төв болгон хөгжүүлэх боломж бий. Тухайлбал, Сайхан суманд барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Жишээ нь Шохойн чулуун ордыг түшиглэн шохойн чулуу болон замаскны үйлдвэр, Цементийн үйлдвэрийг түшиглэн бетон хийцийн үйлдвэрүүдийг байгуулах боломж бүрэн байна.

Сэлэнгэ аймаг жилд 60,0-70,0 мянган тн төмс, хүнсний ногоог үйлдвэрлэдэг. Харин аймгийн хэмжээнд 36.7 мянган тн багтаамжтай зоорь бий. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 50 орчим хувийг хадгалах боломжтой. Үлдэж байгаа 30,0 мянган тн төмс, хүнсний ногоог хадгалах савгүйгээс болоод намар ченжүүдээр дамжуулан хямд үнээр худалдан борлуулж байна.

Иймд баруун бүсийн сумдын тариалсан хүнсний ногооны 40,0 мянган тн багтаамжтай зоорийг Сайхан суманд байгуулж, жилийн дөрвөн улиралд Дархан-Уул, Орхон аймгийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах боломж мөн харагдаж байна. Бас Түшиг сумын хуучнаар “Цагаан арал”-ын мал баазыг түшиглэн ОХУ-д мал, мах экспортод гаргах бодлого барьж байна. Энэ мэт боломжууд Сэлэнгэ аймагт харагдаж байгаа. Ажил болгох нь л хамгаас чухал байна.

-Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгч аймаг гэдгээ зарласан. Энэ ажил үр дүнтэй байгаа гэж сонссон. Эргээд анхаарах ямар зүйл ажиглагдав. Таны хувьд?

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд сумд, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран орон нутагтаа тарих мод болон зах зээлд нийлүүлэх тарьц суулгацын судалгааг маш сайн гаргах нь чухал. Ингээд уул уурхайн компаниуд болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран борлуулалтад анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжид тарьц суулгацыг борлуулах үнийн тал дээр маш сайн ойлгуулах шаардлагатай байгаа юм. Манайхан тарьц суулгацаа өндөр үнэтэй борлуулж богино хугацаанд ашиг олох гээд байна. Энэ нь маш их эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл зах зээлээ бусад аймгийн иргэд, аж ахуйн нэгж болон, ОХУ-д алдах эрсдэл үүсэж байгааг ойлгуулах хэрэгтэй.

-Түшиг сумын нутагт байрлах Зэлтэрийн боомт нээгдэх сураг гарсан. Боомтыг нээснээр Сэлэнгийн иргэдэд ямар үр өгөөжийг өгөх вэ?

Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Түшиг сум дахь Зэлтэрийн боомтыг нээж үйл ажиллагаа эхэлснээр ОХУ-тай хил гааль нээлттэй болно. Мөн олон улсын ачаа тээвэр хөгжиж цаашлаад Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын иргэдийн бизнесийн шинэ гарц нээгдэнэ.

Мөн энэ онд Түшиг суманд 300.0 сая тн-ын нөөцтэй “Хужирт” уурхайг нээж ажлын байрыг бий болгоно. Ингэснээр аймгийн нийт сумын дулааны уурын зуухнуудыг нүүрсээр хангах бодлогыг баримталж ажиллана. Энэ хүрээнд бид 2022 оны 3-р сард аймгийн төвийн 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Мандал суманд 18 МВт-ын дулааны станц барих ажлуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Энэ төслийг 2 жил орчим хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд холбогдох байгууллагын удирдлагууд, тухайн сумдын Засаг дарга нар бүх талаар дэмжин ажиллавал үр дүнтэй ажил болно. 

Учир нь энэ төсөл Сэлэнгэ аймгийн дараагийн 50 жилийн хөгжилтэй шууд холбоотой. Энэ байдлаас үүдэн бид маш олон үйлдвэр үйлчилгээний барилгуудыг барьж байгуулж чадахгүй, олон боломжийг бусад аймаг, нийслэл хотод алдаж байгаа. Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор шинэ сэргэлтийн бодлогод туссан томоохон төслүүдийг хөдөлгөх бүх боломжууд нээгдэнэ. Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах. Энэ мэт төслийн ажлыг эрчимжүүлэх, төсөлд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэгт удирдлагууд маш санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа юм.  

Эх сурвалж: Монцамэ Ч.ОТГОНЦЭЦЭГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу