Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд падгүй гэж бодох ч “тэнэг” их мөнгөтэй хүмүүсийн тэнэг үйлдлүүд хэрээс хэтэрч эхэллээ. Ирэх жилийн сонгууль угтсан тэнэглэлүүд эхнээсээ ил болж эхлэв. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар санхүүжилтийг шийдвэрлэснээр Булган аймгийн Орхон сумын нутаг Өрмийн цагаан нуурын зүүн талд Айрагны гэрэлт хөшөө босгожээ. Үүнийгээ булганчууд дахин нэг анхдагч гэдгээ баталж, айрагны хөшөө босголоо хэмээн бахдан бичсэн байх юм, цахим хуудастаа.

Хөшөө шавраас яасан ч уйдаггүй хүмүүс гэхээрээ хаа сайгүй булшны чулуу шиг юм босгож мөнгөө үрж байдаг байна аа. Босгосон чулуу нь хэнд, яг ямар хэрэг болдог вэ. Ер нь бол ийм тэнэглэл Анандбазараар л дуусаасай гэх хүмүүс олон байгаа юм.

Боов, тарваганаас эхлээд, сүүлдээ айраг хүртэл хөшөөтэй болж байхад гээд говийнхон хоормогны хөшөө босгоод эхэлбэл яах вэ. Сонгуулийн оноо цуглуулах гэж байгаа бол тойргийн иргэддээ чиглэсэн зүйлсийг хийх нь илүү дээр баймаарсан.

Сонгогдсон цагаасаа хойш хэрэгтэй хууль ганцыг ч санаачилж батлуулаагүй Ц.Анандбазарын хувьд айрагны хөшөөгөө анхдагч хэмээн хөөрцөглөн суугаа нь түүний улс төрчийн цар хүрээг харуулаад өгчихөж байна. Булганы иргэдэд будаа, гурил, мотоцикл, бензин талон тараадаг байсан бол ирэх жилээс машин өгөх юм гэнэ гэдэг яриа Булганд тарсан байна лээ.

Ядуу иргэдэд гурил, будаа тараагаад болчихно, хөлдүү хүмүүст хөшөө босгочиход дахин сонгогдоно гэж бодож байгаа бол хол, тэр тусам нь нэр дэвшээд ирэхэд нь хөөгөөд буцаачих хэрэгтэй.

Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд падгүй гэж бодох ч “тэнэг” их мөнгөтэй хүмүүсийн тэнэг үйлдлүүд хэрээс хэтэрч эхэлсний тод жишээ Ц.Анандбазарын айрагны хөшөө боллоо.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу