Ардчилсан намынхан жинхэнэ, хуурамч тамга тойрч, жинхэнэ, хуурамч намын дарга сонгон, хэдэн жил л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан. Жинхэнэ Дамбийжаа, хуурамч Дамбийжаа гэдэг шиг мордохын хазгай явж ирсэн. Эрх баригч МАН ч үүн дээр нь тос нэмэн талцуулж, УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам арчуулсан гэхэд болно.

Л.Гантөмөр өнгөрөгч нэгдүгээр сарын 19-нд Х.Баттулгаас улс төрийн дэмжлэг авах тохирооны хүрээнд Женкод харъяалагдах ҮБХ-ны 40 хүний саналаар намын даргаар сонгогдон, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нь энэ нам одоо л зөв голдрилдоо орох нь гэсэн хүлээлт бий болгосон.

Жинхэнэ хуурамч тамганы асуудлаа цэгцлэхийн тулд 2024 оны сонгуульд намын нэрсийн жагсаалтын эхний тавд эрэмбэлэгдэх тохироо хийснээр С.Эрдэнэ өөрт байсан жинхэнэ тамгаа Л.Гантөмөрт өгч, бүтэн өдөржин тэд “тасартлаа шоудсан” гэдэг.

Л.Гантөмөр намынхаа гэрчилгээ, тамгыг цуглуулж чадсан ч намын гишүүдийнхээ итгэл үнэмшлийг нэгтгэн цуглуулж чадаагүй юм. Намынх нь анхан, дунд шат зодоонтой, үйл ойлголцолтой, ҮБХ-ны гишүүд нь фракц бүлэгт хуваагдан, 10 талд гарчихсан. Намын дарга нь бүлэг фракцийнхаа эрх ашгийг хангахаар уулзалтууд хийж байгаа ч бүх хүний хүслийг гүйцэлдүүлж чадахгүй тул өнгөн дээрээ амгалан мэт харагдах ч өөр хоорондоо зүү шидэлцсэн намын дотоод уур амьсгалд өөрчлөлт гараагүй байна.

Ардчилсан нам уг нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг ҮБХ-ны даргаар сонгож, хурал хуйгаа хийж буй. Энэ сарын 28-нд Ж.Батсуурийн гарын үсэг, тамгатай ҮБХ-ны хурлыг зарласан шийдвэр ил болсон. Гэтэл С.Эрдэнийн талын “гандан буурдаггүй” Д.Ганбат мөн л өөрийгөө ҮБХ-ны дарга гэж тодорхойлон, энэ сарын 18-нд ҮБХ-г хуралдуулах нэг албан бичиг гаргаад шидчихэв. Тэдний эрх ашиг дахин хөндөгдсөн нь тэр бололтой.

Д.Ганбат нарын нөхдүүд тэргүүлэгчдийн хурлыг нь ч хуралдуулахгүй үг сөргүүлэн хэрүүл өдөж, амар заяаг нь үзүүлэхээ больж. Өчигдөр л гэхэд Д.Ганбат ҮБХ-ны гишүүдийг бүгдийг нь багтаах групп чат нээх даалгавар өгч, доод хүмүүс нь ч түүний хүслээр болгоод байгаа аж. Тэр чатан дээрээ тэнгэр тултал дайтах юм биз ээ.

Ж.Батсуурийг ҮБХ-ны даргаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс ингэж ил болж байгаа юм. Тус намын ҮБХ-ны даргын зодоонд Д.Ганбат, Гарьдхүүгийн Баярсайхан нарын “Хийморь” фракцийнхан хүнээ тавихаар улайрч эхлэн, хүчингүй тамгаар дахин хурал зарласан нь тэр.

Тэд ҮБХ-ны даргын суудалд улайрч эхэлсэн нь Ардчилсан намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмээр тус хорооны дарга нь илүү хүчтэй, эрх мэдэлтэй байхаар тусгаж өгснөөс үүдэлтэй юм. Намаа бодсондоо бус С.Эрдэнэ өөрийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд орондоо зассан дүрэм хэмээн намынхан нь ярьцгаадаг.

Энэ улсад болж бүтэж байгаа зүйл байхгүй байхад Ардчилсан нам нь ядаж амьтай баймаар байна. Сөрөг хүчний ажлаа хийж чадахгүй байгаа Ардчилсан намынхан ҮБХ-ны даргын төлөөх зодоонд нам дотроо сөрөг хүчний ажлаа сайн хийж байх юм.

Ж.Батсуурь Ардчилсан намын ҮБХ-ны хурал зарласанд Хийморь фракцийнхан ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Харин угийн бөөрөнхий Л.Гантөмөр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэчихсэн гал намжаах байдлаар асуудалд “бөөрөнхий” хандаж суугаа юм.

Ардчилсан нам доторх ганц хоёрхон албан тушаалын төлөөх зодоон он дуустал үргэлжлэх бололтой. Уг нь ирэх жил сонгууль болно гэдгийг бодолцон, аль аль талдаа эв зүйгээ олох учиртай ч тийм хүсэл сонирхолтой хүн байхгүй л байна. Энэ сарын 28-нд хуралдах ҮБХ-ны хурлаар намын шинэ генсекийн асуудал шийгдэнэ. Мөн л хэд хэдэн төлөөний хүмүүс нэр дэвшихээр зэхээд эхэлсэн.

Уг нь цэгцэлж хийе гэвэл ажил байгаа ч эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаан өнөөдрийнх нь гол асуудал хэвээр байгаа юм. Ямартай ч Ардчилсан намын зовлон дуусаагүй, дусалсаар байгааг намынх нь гишүүд их л тэвчээртэй ажиглаж байна даа.

Э.БОЛД

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу