Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 88973 хүүхэд бүртгүүлжээ. Бүртгэлийн явцын талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр (2023.08.15) мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр үүдэнд нь дугаарлаж, бүртгүүлсний дараа хасагдах гэх мэтчилэн олон асуудал гардаг байсныг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн E-Mongolia болон Esis системийг хослуулан шийдсэн. 

Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах насны буюу 2-5 насны 302226 хүүхэд байна. Үүний 142798 нь нийслэлийн цэцэрлэгт хамрагдах тоо юм.

Өнгөрсөн хичээлийн жилд бүртгүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт суралцуулах зорилтын дагуу төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар 127 түрээсийн байрыг сургалтын зориулалтаар засан тохижуулж, 13800 гаруй хүүхдийг хамруулсан.

Мөн хувийн өмчийн 270 гаруй цэцэрлэг дээр хамран сургах тойрог тогтоон 15000 гаруй хүүхэд суралцуулсан. Үүний зэрэгцээ байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ зэрэг бусад хувилбарыг хэрэгжүүлснээр 5000 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байна.

Бүртгэлийг өнгөрсөн жил гурван үе шаттайгаар зохион байгуулж байсан бол энэ жил хоёр үе шаттай явагдана.

Хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн түр оршин суугч өрхийн хүүхдүүдийг хоёр дахь шат буюу есдүгээр сарын 11-нээс бүртгэнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу