Монгол Улсад “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадам наймдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Нээлтийн ёслолоо маргааш хийснээр эхлэх тус наадмын хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх БНСУ, Хонконг улсын эмэгтэй шигшээ баг болон Тайвань улсын эрэгтэй шигшээ багууд өнөөдөр (2023.08.15) тоглолт явагдах МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний өмнөх бэлтгэлээ амжилттай хийв.

Хөлбөмбөгийн төрлийн тоглолтууд наймдугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болон холбогдох албаныхан зэрэг нийт 4500 орчим зочид төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд буй юм.

Энэхүү наадам Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам бөгөөд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу