“Монголд сүүлийн жилүүдэд шуугиан тарьсаар ирсэн усан цахилгаан станцын тухай мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэлийн хуудаснаа харагдахаа больжээ. Гэвч тус улс энэ сэдвийг хойш тавьсан гэсэн үг биш юм.

Усан цахилгаан станцын Байгаль нуурт үзүүлэх сөрөг нөлөөлөл, үр дагаврыг бүрэн судлаагүй байгаа ч хөрш улсын эрх баригчид эрчим хүчний байгууламж байгуулах хүсэлтэй байгаагаа дахин мэдэгдэв”.

Ийн Крымын нийтлэлч, зохиолч Станислав Сергеев “gazeta-n1.ru” цахим хуудаст хэвлүүлсэн нийтлэлээ эхлүүлжээ. Бид энэ удаа түүний нийтлэлийг “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцолж байна.

Эрчим хүчний хэрэгцээ шаардлага

Саяхан Монголд олон улсын хэмжээний маш чухал уулзалт болов. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзах үеэрээ Бээжин хотноо 2022 онд болсон өвлийн олимпийн дараа дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд “Бээжинд болсон Олимпийн наадмын үеэр та бүхэнтэй Монгол Улсад хамгийн чухал Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцсан. Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил 2016 онд БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авснаар эхэлсэн. Гэвч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил түр зогссон” гэж хэлэв.

Түүний хэлснээр, энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны голдрилд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн судалгаа бий аж.

Ерөнхий сайд “Монгол Улс олон улсын тендер зарлаж, биологийн олон янз байдалд нөлөөлөх байдлын судалгааг Францын компанитай хамтран хийж байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарвал эдгээр судалгааны үр дүнг ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хуралдаан дээр танилцуулна” гээд, НҮБ-аас энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хөгжиж буй орнууд эрчим хүчнээс хараат байх ёсгүй. Иймд НҮБ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаж, энэ талаар улс төрийн түвшинд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Төрийн Думын “толгойны өвчин”

Энэхүү хэлэлцээний маргааш ЮНЕСКО-гийн Оросын комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Татьяна Довгаленкод хаяглагдсан захидал иржээ. Захидалд Төрийн Думын Өмч, газар, өмчийн харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга, “Байгаль” хоорондын харилцааны ажлын хэсгийн (IWG) дарга Сергей Тен гарын үсэг зурсан байна.

Түүнд “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын барихаар төлөвлөж буй Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, “Байгаль” нуурын экологийн өвөрмөц тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл нь парламентын гишүүд болон байгаль орчны салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байна. “Байгаль” ОУТ, “БРЛ Инженеринг” консорциум, “Престиж Инженеринг” ХХК, “Байгаль нуурын Сэлэнгэ мөрний биологийн төрөл зүйлд Эгийн голын усан цахилгаан станц төслийн нөлөөллийн нэмэлт судалгаа”-ны эцсийн тайлантай танилцлаа” гэж дурджээ.

Депутатууд “Сэлэнгэ, Байгаль нууранд нөлөөлөх нөлөөллийн тухай баримт бичгийг хангалттай боловсруулаагүй гэж үзэж байгаа тул Оросын талын эрдэмтдийн оролцоотой ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Мөн ирэх есдүгээр сард Эр-Рияд хотноо ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хуралдаан болно. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Дэлхийн өвд бүртгэгдсэн “Байгаль нуур”-ын статусын тухай асуудал яригдана.

Үүнтэй холбогдуулан 2023 оны есдүгээр сарын 5-ны дотор ОХУ-ын ЮНЕСКО-гийн комиссоос Байгаль нуурт эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг “Байгаль нуур” ОУХТ-д ирүүлэхийг хүсч байна” гэжээ.

Монголын усан цахилгаан станцууд “ариун нуур”-д ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй гэдэг дэмий хоосон үг биш юм.

Сергей Тен “1992 оны Хил дамнасан гол мөрний урсац бүрэлдэх эх, олон улсын нууруудыг хамгаалах, ашиглах тухай конвенцид усны нөөцийг байгаль орчинд ээлтэй, оновчтой удирдах, түүнийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах зорилгоор улсууд хил дамнасан усыг ашиглах арга хэмжээ авах ёстой гэж заасан.

Засгийн газар хоорондын “Байгаль” ажлын хэсэг удаа дараа чухал асуудлыг хөндөж, хил дамнасан усны нөөцтэй холбоотойгоор Оросын болон олон улсын байгалийн объектуудыг хамгаалах арга хэмжээ авч байсан.

Тухайлбал, Байгаль нуурын хамгийн том цутгал болох Сэлэнгэ мөрний Монгол дахь хэсэгт далан барих, Торей нуурууд болон Даурскийн нөөц газарт чухал ач холбогдолтой Улз гол дээр далан барих асуудлаар. Эдгээр нь Байгаль нуурын нэгэн адил ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн газар юм.

Байгаль нуурын бүс нутагт нөлөөлж буй Эгийн голын дараагийн бүтээн байгуулалтын хувьд байгаль орчин, техникийн болон байгаль орчны хууль эрх зүйн зохих баримт бичигт нийцээгүй тул бидний хувьд таатай байхгүй нь мэдээж.

Арван жилийн хэлэлцээ

Дашрамд дурдахад, Монголд усан цахилгаан станц барих тухай санаачлагыг анх Зөвлөлтийн эрдэмтэд гаргаж байсан. Монголын гурван усан цахилгаан станц (Эгийн голын УЦС, Орхоны УЦС, Шүрэнгийн УЦС)-ын бүтээн байгуулалтын зураг төслийг Ленинградын хүрээлэнгийнхэн боловсруулж байв. Эдгээр нь Монгол Улсын эрчим хүчний салбарын үндэс суурь болох ёстой байв. Гэвч ЗХУ задран унаснаар үүнийг зогсоосон. Учир нь ЗСБНХУ-аас дэмжлэг авалгүйгээр Монгол Улс дангаараа төслийг хэрэгжүүлэх боломжгүй тул уг төслийг хумьсан.

Монгол Улс 2012 онд усан цахилгаан станцын төслүүдэд анхаарал хандуулж эхэлсэн. Тухайн үед Сэлэнгэд Шүрэнгийн усан цахилгаан станц, Орхон голын усан цахилгаан станц, Эгийн гол дээр усан цахилгаан станц барихад Хятадаас хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байсан. 2014 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос манай улсад байгаль хамгаалах олон улсын холбооны мониторингийн багийг илгээж, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.

Тус төлөөлөгчийн газрын нарийвчилсан тайлангийн дагуу 2015 онд Монгол Улсын усан цахилгаан станцын төслүүдийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, тухайлбал, Байгаль нуурт барихаар төлөвлөж буй бүх усан цахилгаан станцын нөлөөллийн үнэлгээг хийх хүсэлтийг хүргүүлсэн. Үүнээс болоод, мөн Оросын тал, олон нийт эсэргүүцсэний улмаас 2016 онд Хятадын хөрөнгө оруулагчид усан цахилгаан станцын төслөөс татгалзаж, төсөл дахин зогссон.

Харин 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх “Хөх морь” төслийг баталсан бөгөөд үүнд Монголын гол мөрөн дээр олон арван далан шинээр барихаар тусгасан. Өөрөөр хэлбэл, түүнд Сэлэнгийн сав газрын гол мөрөнд гидротехникийн байгууламж барих олон арван төсөл багтсан. Эгийн (Сэлэнгийн зүүн талын хамгийн том цутгал) гол дээрх усан цахилгаан станц гол төсөл болсон.

Омул загаснуудад юу тохиолдох вэ?

ОХУ-ын Байгалийн нөөцийн яам, Буриадын байгалийн нөөцийн яам Сэлэнгэ мөрөн болон Байгаль нууранд усан цахилгаан станц сөрөг нөлөөтэй гэж үндэслэлтэйгээр мэдэгддэг. Байгаль нуур хангалттай судлагдаагүй байна. Ялангуяа гидрохимийн болон температурын горимд үзүүлэх нөлөөллийг тооцоолоогүй, усны болон хагас усны амьтдад үзүүлэх нөлөөллийн үнэлгээ үндсэндээ хийгдээгүй байгаа юм.

Буриадын Байгалийн нөөцийн сайд Наталья Төмөреевагийн хэлснээр, Эгийн гол дээрх далан загасны нүүдэлд саад учруулж болзошгүй байна. Тэрбээр “Загаснуудын амьдрах орчин, хоол хүнсний хэрэгцээ байнга өөрчлөгддөг тул бага багаар хол зайд нүүдэллэдэг. Хамгийн онцлог нүүдэл нь нөхөн үржихүйн нүүдэл бөгөөд хэдэн зуун километрийн зайд нүүж болно. Далан нь зарим зүйлийн биологийн мөчлөг дуусахад саад болох эсэхийг тодорхойлох ёстой “гэж хэлэв.

Наталья Төмөреева “ОХУ-аас эрчим хүч үргэлжлүүлэн импортлох талаас ч, өөрийн үйлдвэрлэл талаас ч Монголын эрчим хүчний системийн зохицуулалтын өөр эх үүсвэрүүдийг анхааралтай авч үзэх шаардлагатай” гэж хэлэв.

Одоо болон ирээдүйд усан цахилгаан станц барихтай холбоотой зөрчилдөөн гарахгүйн тулд хил дамнасан усыг ашиглахтай холбоотой хоёр улсын эрх, үүргийг тодорхой зааж өгөхийг яамнаас санал болгож байна. Гэхдээ хөрш улсын эрх баригчид орос, буриадуудын хүслийг сонсох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм” гэжээ.

Эх сурвалж: GAZETA-N1.RU
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу