ОХУ-ын рублийн ханш оны эхэн үетэй харьцуулахад дөрөв дахин суларсан тул тус улсын төв банк Мягмар гарагт бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргав. Тодруулбал, рублийн ханш суларсан даруйд ОХУ-ын төв банкны удирдлагууд уулзалт зарлаж, бодлогын хүүгээ 3.5 хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн байна.

Оросын судлаач эрдэмтэд “Үндэсний валютын ханш суларч байгаа нь ОХУ-ын эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэсэн үг биш. Гэхдээ тодорхой хэмжээнд эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүснэ” гэжээ.

Тэд рублийн ханш сулрахад Москвагаас цэрэг батлан хамгаалахын салбарт зарцуулж байгаа төсөв, мөн барууны орнуудын ОХУ-д тавьсан эрчим хүчний экспортын хориг нөлөөлсөн гэж үзэж буй аж.

Эдийн засгийн шинжээчид “Рублийн ханш бага зэрэг суларсан нь Москвад зарим талаараа ашигтай байсан” гэжээ. Ханш бага үед газрын тос, байгалийн хий экспортолж олсон ам.доллароо өссөн дүнгээр рубль болгож, улсын төсөв, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтой.

Гэвч энэ удаагийн ханшийн сулралт хүлээлтээс хэт давуу, мөн эрчим хүчний түүхий эдийн экспорт зогсонги байдалтай байгаа нь эдийн засгийн хүнд нөхцөл байдалд хүргэлээ гэж тайлбарласан байна.

Даваа гарагийн байдлаар 101,04 рубль нэг ам.доллартой тэнцэж байсан бол бодлогын хүү өссөний дараа нэг ам.доллар 98 рубльтэй тэнцсэн талаар Оросын төв банк зарлав.

БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2020 оноос хойших хамгийн өндөр хувиар бууруулах гэнэтийн шийдвэр гаргав. Үүнийгээ тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, эдийн засгийн өсөлт буурч байгаа тул дэмжих арга хэмжээ авч байна гэж тайлбарласан байна.

Мягмар гарагт болсон БНХАУ-ын Төв банкны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болгосон нь зургаан сараас хойш бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа бууруулсан тохиолдол болов.

“Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 15 шинжээчийн 14 нь энэ удаад бодлогын хүү өөрчлөгдөхгүй гэж таамаглаж байсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу