Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд наймдугаар сарын 1-нээс 13-ны хооронд нийт 21 галт тэрэг гарсан мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7400TEU буюу 3700 орчим чингэлгийн үлдэгдэл байгаа ажээ.

Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-70 хонож гарч буй юм байна. Энэ нь хүлээн авагч, хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл учруулж, тээврийн үнэ өртгийг өсгөж байгаа гол шалтгаан болж буй юм.

Тус боомтод үүссэн бөөгнөрлийн гол шалтгаан Хятадын төмөр замууд шаардагдах тооны вагоноор хангахгүй (өдөрт зөвхөн 50-70 вагон) ачиж байгаатай холбоотой хэмээн БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд мэдээлжээ.

Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос тус асуудлын дагуу нөхцөл байдлыг хэвийн горимд шилжүүлж, үр дүнтэй арга хэмжээ авч, хамтран ажиллахыг шаардаж БНХАУ-ын холбогдох байгууллагуудад болон ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-т албан ёсоор хандсан байна.

Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1367 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283,  хоосон бичиг баримтгүй 278 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 86 импортын чингэлэг байгаа аж.

Өнгөрсөн долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 6-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт долоон галт тэрэг гарчээ. Тус долоо хоногт Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар 7800TEU буюу 3900 орчим чингэлгүүд хүлээгдэж байсан байна. Энэ үед Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 8-10 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд 50-60 хонож гарч байсан аж.

Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудад нийт 1365 чингэлэг байснаас ачаатай 720, хоосон 285, бичиг баримтгүй 272, Замын-Үүд өртөөнд 88 импортын чингэлэг байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу