“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр Зохион байгуулах хороо, Монголын Үндэсний олимпын хороо, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо хамтарч олон улсын практикийн дагуу “Young Reporter” залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус наадмын Зохион байгуулах хорооны урилгаар Тайванийн Үндэсний олимпы хорооны төлөөлөгч Ма Жень-Цо, Ван И-Тун, мөн Улаанбаатараас шалгарсан “Шинэ Эрин” сургуулийн сурагч Б.Энэрэл, нэгдүгээр сургуулийн Б.Нямхишиг нар энэ хөтөлбөрийн азтай оролцогч болжээ.

Формоза арлаас Монголд хөл тавьсан Мелани 16 настай, хөнгөн атлетикийн уртын харайлтаар хичээллэдэг бол 18 настай Ма Вень-Жо сагсан бөмбөг тоглодог, хоёулаа Каошюн хотын ахлах сургуулийн сурагч аж.

Тэд анх удаа Монгол Улсад зочилж буй бөгөөд Мелани өмнө нь Австрали, Ма Вень-Жо Японд аялж байжээ. Тайванийн өмнөд боомт хот Каошюнаас ирсэн өсвөрийн сурвалжлагч хөдөө нутагт аялж, нүүдэлчний амьдралтай танилцан, морь унаж, тэмээ харах сонирхолтойгоо хэлсэн байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод өчигдөр ширүүн аадар бороо үргэлжлэн орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн тул Зүүн Азийн Олимпын хороо наадмын нээлтийн ёслолыг наймдугаар сарын 17-ны 20:23 цагаас эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу