Шатахууны зах зээлийн томоохон магнат болох “Магнай трейд” ХХК 2018 оноос эхлэн Дорнод аймагт газрын тосны хайгуул хийхээр санаархаж эхэлсэн. Тодруулбал, Дорнод аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг хамарсан 786 мянган га бүхий Баянтүмэн дэх 17-р талбайд өрөмдлөг хийхээр зэхэж, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсаар буй.

2019 онд тус компанийг Дорнодын бүс нутагт зөвшөөрөлгүй газар ашиглаж ,өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус газрыг чөлөөлүүлэх захирамж гаргасан юм. 

Үүнтэй холбоотойгоор “Магнай трейд ХХК Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг тус компанийг өрөмдлөг хийлгээгүйгээс болж хохирол учирсан хэмээн үзэж, 2.5 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.

Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Чойбалсан сумын нутагт өрөмдлөг хийлгээгүйгээс гэм хор учирсан гэж “Магнай трейд” ХХК үзэн, 2.5 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд ханджээ.

Засгийн газраас 2010 онд зарласан Баянтүмэн 17 гэх манай аймгийн 7 сумын нутгийг хамруулсан талбайд тус компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг.

2019 онд тус компанийг зөвшөөрөлгүй газар ашиглаж, өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн, тус газрыг чөлөөлүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга миний бие гаргасан.

Хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суугаа харъяаллын буюу Дорнод аймгийн анхан шатны шүүхэд хянагдаж, аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гэж гарсан тус маргаанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасаар маргаан 3-4 жил үргэлжилж, өнгөрөгч онд Хэнтий аймгийн шүүхэд шилжин тус компанийн талд шийдвэрлэгдсэн байдаг.

Мөн өнгөрсөн хугацаанд тус компанийн эзэмшлийн “Ивээл” хорооллын хойно төв замын трасст давхацсан Шатахуун түгээх станцын газрыг мөн чөлөөлсөн нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр байсан” гэжээ. 

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу