Ардчилсан намын тамганы “тамын тогооны үлгэр”-ийг УИХ-ын гишүүн Д.Ганбат үргэлжлүүлсэн. Намынхан нь ҮБХ-ны даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг сонгосон атал Д.Ганбат өөрийгөө тус хорооны дарга гээд гараад ирэв. Гэхдээ энэ сарын 28-нд Ж.Батсуурийн зарласнаар ҮБХ хуралдах бололтой.

Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Намын гал тогоог хэн барьж байгаагаас шалтгаалан 2024 оны сонгуульд тус нам ялалт байгуулах эсэх нь шийдэгдэнэ. Эрх баригч МАН-ынхан 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд л ганц удаа ялагдсаныг эс тооцоход бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-ын ялалт бүрийн тугийг Д.Амарбаясгалан хатгаж, гол зургийг зурж ирсэн юм. Энэ хүний өмнөөс гараад зогсчих тийм л хүнийг АН сонгох хэрэгтэй болчихлоо. МАН-д одоо эрх мэдэл, мөнгөнөөс эхлээд бүх зүйл л байна.

Харин Ардчилсан намд нам доторх зодоон л байгаа юм. Ямартай ч энэ удаагийн ҮБХ-ны хурлаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, Л.Гантөмөрт хэн хань болохыг шийднэ. Бөөрөнхий намын даргатай тул гал ассан ганц сайн генсек уг нь АН-д хэрэгтэй. Намын санхүүжилтээ босгож, стратеги боловсруулдаг, намын гишүүддээ нэр хүндтэй гэхчилэн наад захын шалгууруудыг хэн давах гэдэг нь анхаарал татна. 

Одоогийн генсек Ч.Өнөрбаяр үргэлжлүүлэн ажиллахаар нэр дэвших бололтой. Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр ажиллаж байхад хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тэр ч утгаараа Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Салбартаа сайн хуульч гэгддэг ч намдаа сайн генсек байж чадаагүй. Гэсэн ч энэ удаа дахин нэр дэвшихээр болж байгаа аж. Улс төрийн зүгээс дэмжлэг Ц.Элбэгдорж ба түүний нөхөд үзүүлж таарна.

Дараагийн горилогч нь Өвөрхангайн И.Мөнхжаргал. З.Энхболдын хүн. Түүнийг УИХ-ын дарга байхад Өвөрхангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байгаад хот бараадсан. Х.Баттулга АН-ыг авах гэж зүдэрч байхад түүний талд бат зогссон. Х.Баттулга албан бус АН-ын дарга болоход И.Мөнхжаргал мөн л албан бус генсек болж байсан удаатай. Албан бус генсек байхдаа ч ил гарч тодорч, намаа тордож ч чадаагүй юм. Гэхдээ гандан буурахгүй “жинхэнэ” генсек болохоор сэтгэл шулууджээ. 

2012-2016 онд Ардчилсан нам парламентад олонх байхад бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Дэмчиг энэ удаа намын генсект зүтгэхээр шийдэж. Нам нь ялагдсанаас хойш үзэгдэхээ больсон тэрбээр энэ удаа улс төрийн карьераа генсекээр үргэлжлүүлэх шийдвэрээ гаргажээ. Өвөрхангайн “Шуудан Зоригоо” буюу УИХ-ын гишүүн асан Д.Зоригтын гарын ганц хүн. Д.Зоригт Ардчилсан намын МҮДН фракцийн төлөөлөл. С.Дэмчиг хүн бүхэнтэй эвтэй байж чаддаг, нам дотроо гэлтгүй МАН-ынхантайгаа ч ойр гэгддэг. 

Генсекийн суудалд горилогч дараагийн хүн нь Э.Одбаяр. С.Эрдэнийг намын даргаар ажиллаж байхад Хэрэг эрхлэхийн даргаар нь ажиллаж байсан нэгэн. Гэвч С.Эрдэнийн нэрийг барьж Кёкүшүзан Д.Батбаяраас 600 сая төгрөг зээлж аваад алга болсон талаар хэвлэлийн хуудаснаа заларч байсан удаатай. Гэвч тэр мөнгийг нь С.Эрдэнэ аваагүй талаар ярьсан байдаг.

Одоо бол Х.Баттулгын хатавчинд улс төрийн амьдралаа үргэлжлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Х.Баттулгын хоёр, Ц.Элбэгдоржийн нэг, Д.Зоригтын нэг хүн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших нь одоогоор албан ёсоор тодорхой болоод байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу