М.Энхболдыг МАН-ын дарга, УИХ-ын дарга байхад бүгд тойрон хүрээлдэг байлаа. Үгнээс нь гарах хүнгүй шахам байлаа. Түүнийг 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа тойрон хүрээлэгч нар нь нүүрээ буруулж, улс төрийн тавцангаас унагах процесс эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар М.Энхболдтой нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцсан гэхэд болно. Төрийн ордон дахь өрөөнийх нь хаалгыг балбаж, Төв талбайд УИХ-ын даргаас огцор хэмээн жагсаж явлаа, тэд.

Цагдаа М.Энхболдын сонгуулийн сошиалыг хариуцаж, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд оюутан залуустай уулзахад “долоох” шахам явсан Л.Оюун-Эрдэнэ нэг л өдөр шударга үнэний дуу хоолой болохоор ингэж зүтгэсэн юм. Үүнийхээ шагналд Ж.Батзандан намынхаа генсек Г.Аюулгүйн компаниар Хөгжлийн банкнаас зээл авч, Л.Болд Богд банкандаа санхүүгийн зузаатгал хийлгэсэн гэхчилэн үйл явдал өрнөсөн. Л.Болд Их Британид Элчин сайд, Ж.Батзандан Австрали улсад элчин зөвлөхөөр явсан гэхчилэн Ардчилсан намынхан гудамжинд лааз өшиглөж явахад ардчилсан угшилтай энэ хоёр л гэрлийн хурдаар дээш тэмүүлсэн. ШИНЭН гэх поп нэртэй нам байгуулж ч үзэв. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэгчлэн Ж.Батзандан монголд ирснийхээ дараа 30 хоног саатуулагдан гарч ирэв.

Хэзээ ч албан тушаалд очихгүй гэсэн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд болж, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах, М.Энхболдыг огцруулахад онцгой гавьяа байгуулсан хүмүүс бүгд ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээл авч хэтэвчээ зузаалсан.

Тухайн үед М.Энхболд огцорвол Монгол Улс яг хөгжих гэж байгаа мэт ам амандаа шаагиж байсаар буулган авсан. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч, Монгол Улс хөгжлийн шинэ замаа олж чадсан уу. М.Энхболдгүй дөрвөн жилд Монгол Улс хөгжив үү. Одоо л хөгжинө гэсэн улс өдрөөс өдөрт ядуусын хүрээгээ тэлж, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулж байна.

Энэ улсад шударга ёс тогтож, МАНАН дэглэм арилсан уу. Ёстой үгүй. М.Энхболдоосоо долоон дор нөхдүүд Монголын төрөөр айл гэл болж тоглож байна. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас эргэн харахад М.Энхболдын монголд учруулсан хор нь харьцангуй бага байж дээ гэх бодол төрөх болов. Шударга эх оронч гэгдэж байсан Т.Аюурсайхан гэхэд УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүртэл болж Хөгжлийн банкны хулгайтай холбоотойгоор бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Түүний асуудал нэлээд хүнд ер нь татаж авах ямар ч боломжгүй болсон талаар эх сурвалжууд өгүүлж байгаа юм.

Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, шударга ёсоор нүүрээ нуусан хүмүүсийн баг эхнээсээ ховхорч эхэллээ. Дэргэд явсан нөхөд нь урваж, дэмжиж итгэсэн гишүүд нь түүнийг улс төрийн тавцангаас буулгаж, Энхболдгүй л бол энэ улс яг хөгжих гэж байна гэж дарцагласан он цагийг бид мартаж болохгүй. Эргэн санахад тэр үнэхээр “Аядуу зөөлөн” нэгэн байж. Өш хонзон өвөртөлж, өөд хэн нэгэн рүү цамналгүй, зүгээр л хаалгаа хаагаад гараад явсан. Тэр унтаж буй баавгай. Хэзээ сэрэх нь харин сонин байна. Энэ цаг мөчид М.Энхболд юу бодож байгаа бол гэдэг нь тунчиг сонирхолтой санагдана. Тэр нээрээ юу бодож байгаа бол…

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу