Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ эрүүл мэндийн анхан шатны байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог. 

Эрүүл мэндийн сайдын Сайдын тушаал дагуу 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах боломжтой болгон цахимжуулсан билээ. Гэтэл энэ нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэл учруулж буйг иргэд хэлж байна. 

Эрүүл мэндийн яамны Бодлого зохицуулалтын газрын дарга П.Оюунцэцэгээс энэ талаар тодрууллаа. 

-Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд 13А маягтаас болж маш их чирэгдэл үүсэж байна гэж бухимдаж байна. Энэ маягт юунд хэрэгтэй юм бэ?

-Иргэд маань улсын эмнэлгээр үйлчлүүлэх гэтэл ачаалал их байна, 3-6 сарын дараах цаг л байна хэмээн шүүмжилдэг. Энэ нь шаардлагагүй хэрнээ гуравдугаар шатлалын эмнэлэгт ирж үйлчлүүлдэг, эмнэлэгт хэвтдэг иргэдтэй холбоотой. Тиймээс хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт үүсээд буй энэ ачааллыг доод шатлалын эмнэлэгт хуваарилах зорилгоор иргэдээс 13А маягтыг шаардаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлнэ. Үүний дараа шаардлагатай бол 13А маягтаа тухайн эмнэлгээрээ илгээлгэж, дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлнэ. Шаардлагагүй бол гэрээр эмчилгээгээ хийлгэнэ. Ийм журмаар явснаар эрүүл мэндийн байгууллагуудын хуваарилалт тэнцэж, ачаалал буурах юм. 

Хэрэв төрөлжсөн эмнэлгүүдэд 13А маягтгүйгээр шууд тусламж, үйлчилгээ үзүүлбэл шаардлагагүй үзлэг, эмчилгээ, эмнэлэгт хэвтэлт нэмэгдэж, улмаар нэн яаралтай нарийн мэргэжлийн үйлчилгээ авах иргэд хүлээгдэх эрсдэлтэй болно. Тиймээс бид 13А маягт буюу эмнэлэгт өвчтөн шилжүүлэх тогтолцоог ашиглаж байгаа юм. 

Нөгөө талаас, цахимжуулснаар өрхийн эмнэлэг иргэндээ үзүүлэх тусламж, үйлчилгээгээ үзүүлж чадаж байгаа эсэх, өвчтөнөө зөв оношлоод, дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээж чадаж буй эсэхийг цахимаар хянадаг болж байна гэсэн үг. 

-Нэгдүгээр эмнэлгийн эмч цахим хаягтаа журам нь алдаатай үйлчилж байгаа талаар бичсэн байсан. Жишээлбэл, иргэн чих, хамар, хоолойн өвчнөө үзүүлэхээр цаг авахад 13А шаардахгүй. Гэтэл тухайн өвчнийг нь зөв оношилж, оношдоо тохирсон эмчилгээ хийхийн тулд MRI, компьютерт томографийн шинжилгээ хийлгэхээр илгээж байгаа юм. Очоод цаг авах гэхээр 13А шаардлагатай болдог гэсэн?

-Өвчтөн шилжүүлэх энэ журамд яаралтай тусламж үйлчилгээ, гэмтлийн тусламж үйлчилгээ, хавсарсан өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн үзлэг, нүд, арьс гэх мэт нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардсан өвчнүүдэд 13А маягт шаардахгүй. Бусад төрлийн үзлэг, оношилгоонд шаарддаг.

Мэдээж ийм үйлчилгээг анх удаа цахимаар илгээдэг болж байгаа учраас илүү боловсронгуй болгох шаардлага байна. Тиймээс цаашид сайжруулж, хөгжүүлээд явна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. эмнэлэгт үзүүлэх хүнийг шаардлагатай шаардлагагүй яаж хэлж чадаж байнаа шаардлагагүй хүн эмнэлэгээр явахгүй шдээ ширээний ард суусан хүүхэн минь улсын эмнэлэгүүдээр явж үзэж практикаа судалж байна дүрэм журмаа гаргамаар юм
    бас энэ эмнэлэгийн цахим системээ сайжруулмаар байна эмчид үзүүлэхэд 5 минут цахимаа бөглөх гэж эмч 10 минут болж байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу