Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-наас 23-нд зохион байгуулж буй Зүүн Азийн залуучуудын наадмыг албан ёсоор нээж, Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхлүүлэв.

Нээлтийн үйл ажиллагаа улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны тугийг мандуулан, наадмын сүлд дууг дууллаа.

Зүүн Азийн олимпын хороо есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж байна.

Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө наадмыг хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот энэ наадмыг зохион байгуулснаар цаашдаа тив, дэлхийн наадмуудыг эх орондоо явуулах үүд хаалгаа нээж байна.

Хурд хүч, авхаалж самбаагаа сорин, найм хоногийн турш өрсөлдөх Зүүн Азийн өсөх ирээдүйтэй, шилдэг залуусын тэмцээнийг Улаанбаатарчууд төдийгүй олон орны иргэд сэтгэл догдлон үзэхээр хүлээж байгаа. Энэ наадмаас ирээдүйн тив дэлхий, олимпын аваргууд тодорч, Монгол төдийгүй бүс нутгийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Зүүн Азийн олимпын хорооны ерөнхийлөгч Ян Шуан “Монголын ард түмэн биднийг маш найрсгаар угтаж авлаа. Та бүхний хичээл зүтгэлээр наадам амжилттай болно гэж итгэж байна. Зүүн Азийн олимпын хороодын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, зохион байгуулагч нар, сайн дурынханд талархал илэрхийлээд, тамирчдадаа амжилт хүссэн юм.

 

Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хэлсэн үгэндээ, “Өнөөдөр түүхэн өдөр. Энэ наадам манай улсын хувьд шударга өрсөлдөөн, амжилт, эв нэгдлээр түүчээлсэн түүхэн үйл явдал болж байна. Залуусын наадам бол тамирчдын цугларал бус нөхөрлөл, эв нэгдлийн илэрхийлэл. Өөр хэлээр ярьдаг, өөр газраас ирсэн, өөр соёл заншилтай ч биднийг спорт, хүндлэл нэгтгэдэг” гэв.

Үүний дараа тамирчид, шүүгчдийн төлөөлөл тангараг өргөсөн бөгөөд наадмын нээлт өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлсэн урлагийн үзүүлбэрээр үргэлжилж байна.

Энэхүү наадам нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадамд хамгийн олон буюу БНХАУ-ын 400 гаруй, Монголын 255 тамирчин оролцож байна.

Т.Отгонжаргал торгуулиар ялж, алтан медаль хүртлээ

Энэ өдөр Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд зодоглосон, “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Т.Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу