Эрх барьж буй МАН-ыг дээсэн дөрөөн дээр аваачих, найрын ширээний ард суулгаж чадах хүн Л.Оюун-Эрдэнэ бус, Д.Амарбаясгалан юм. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд болж суугаа нь түүний л гавьяа. Сонгууль бүрийнх нь зургийг зурж, стратегийг боловсруулсны хүчинд МАН хэдэн сонгуульд толгой өвдөх зүйлгүй ялалт байгуулсан. Гэхдээ өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн толгойны өвчин Д.Амарбаясгалан.

Сонгуулийн өмнөх жилийн намар улс төр даргилна. Ардчилсан нам дотоод зодооноо шийдэж чадахгүй өвлийг угтах зурагтай. Бусад намууд тэгс гээд намрыг дуусгах бол асуудал ихтэй нь Ардын нам байж таарах нь. Жил тойрсон нүүрсний хулгайн асуудалдаа цэг тавьж чадах уу гэдэг хамгийн том асуулт. Энэ асуултынхаа хариултад Л.Оюун-Эрдэнэ одоогоор бүдэрчихсэн яваа.

Нүүрсний хулгайгаа цэгцэлж чадахгүй бол эрх баригчид ирэх сонгуульд их том оноо алдана. Эрх мэдэл, мөнгө байгаад ч шударга ёсны өмнө хүчгүйдэж мэдэх тийм сонгууль хүлээж байна. Арав таван төгрөгөөр саналаа худалддаг байсан иргэд хэрсүүжиж, шударга ёс нэхдэг болсон. Шударга ёс нэхэж, дүн өвлөөр гудамжиндаа гараад жагсчихдаг болсныг тэр мартаагүй байгаа. Тиймээс намын дарга, Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ гартаа барих ганц том хөзөр нь нүүрс байх юм. Гэвч сонгуульд тэр хөзрөө атгаад орж чадах уу, өөр хөзөр хайх уу гэдэг одоогоор тодорхой бус.

Нүүрсний хулгайн хэргийг анх Засгийн газар дээр хөндөхөд хамгийн дургүй байсан хүмүүсийн нэг нь МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. Гэхдээ тэр ганцаараа буруутай биш. Өвлөгдөж ирсэн ах нарынхаа замаар л “нүүрс” тээсэн. Тиймээс ганц түүнд буруу наах нь утгагүй. Одоо л хүмүүс “Баясаа жинхэнэ нүүрсчин” гээд байгаагаас биш түүний араас нүүрсэнд холбогдох хүмүүс МАН-д бишгүй дээ бий. Тэр нүүрсчдийн JOKER нь. Бидний хэлж заншсанаар нүүрсний хэргийн толгойлогч хэмээгдэж байгаа. Д.Амарбаясгалангийн сарвайсан, ойртсон, дэргэдүүр нь зөрсөн болгон нь нүүрс рүү түүнийг хөтөлнө. Ойр тойрныхон нь нүүрсний асуудлаас болж АТГ, Эрүүгийн цагдаад шалгагдаж байгаа. Сураг сонсоход заримынх нь хэрэг боогдсон гэх юм билээ.

Өнгөрсөн 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нүүрсний сонсголыг хийлгэлгүй чагт хийж ирсэн хүн нь Д.Амарбаясгалан ба түүний нөхөд. Түүний нөхөд гэдэг нь нүүрснийхэн. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт нүүрсчид олуулаа бий. Тэд 2020 оны сонгууль шиг “Хүчээ нэгтгэвэл” ганц Ерөнхий сайдыг онхолдуулах тийм ч хэцүү биш. Тэдэнд шударга ёсноос илүү нүүрс гэх маш том эрх ашиг бий. Эрх ашгийн тэнцвэрийг Д.Амарбаясгалан л хангаж чадна.

Эрх баригч намын генсек нүүрсэн дээр өнчин ганц шатрын хүү лав биш. Өөрийнхөө араас олон хүү дагуулсан бэрс гэдгийг намынхан нь мэднэ. Л.Оюун-Эрдэнэ ч мэдэж л байгаа. Гагцхүү яаж вэ гэдэг л учраа олохгүй суугаа. Тиймээс нүүрсний хулгайн хэрэг, нүүрсний сонсголыг генсекийнхээ аль суган доогуур хийх вэ гэдэг толгойны өвчин түүнийг нойргүй хонуулж мэднэ.

Намрын халуун улс төрийг хайруулын тавганд гаргаж тавибал нүүрснийхэн л Ерөнхий сайдаа түлнэ. Бусад нь тэгсгээд нам гүмхэн явчихна. Ёстой яаж ч болдоггүй ацан шалаанд амаараа шороо үмхэж мэдэх ганц барьц Л.Оюун-Эрдэнэд бий. Нүүрсний хулгайчидтай үнэхээр тэмцээд үр дүнд хүрчихдэг байсан бол ЗГХЭГ-ын даргаасаа эхлээд танхимынх нь хэд хэдэн сайд аль хэдийнэ шүүхийн үүдээр эргэлдэж, нүүрс нясалж суух байсан. Гэвч хэн нь ч тэгээгүй.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэд айдас байж л байгаа. Энэ айдсаа хэрхэн даван туулж, ард түмний өмнө баатар болох вэ гэдэг л асуудал юм. Шударга ёсны туг мандуулах гэж байгаад намаа хөмрөх үү, намын нөхөддөө найр тавиад, ард түмнээрээ чулуу нүүлгүүлэх үү гэдэг амар сонголт биш тул ийн гацаанд орчихож байна л даа.

Л.Оюун-Эрдэнэ шударга хүн болохын тулд Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсекээс буулгавал ирэх сонгуульд стратегичгүй их л эвгүй сонгуультай тулна. Тэгж өс зангидсан тохиолдолд генсек өөрийнх нь эсрэг төлөвлөгөө боловсруулчихна. Хэрэв иймдээ тулбал намаа ялуулах нь бүү хэл Хэнтийдээ ч өвдөг шороодож мэднэ. Чин үнэндээ нам доторх эрх мэдэл, нөлөө бүхий байдлаар нь жингийн туухай дээр зэрэгцүүлэхэд Д.Амарбаясгалан өөрөөс нь илүү жин дарна гэдгийг тэр мэдэж байх учиртай. Тиймээс ийм эрсдэл рүү Бэрхийн уурын зуухны галчийн ухаанаар хандаж болохгүй. Харвардын ухаанаар тулсан ч түүнд тус болохгүй л болов уу.

Д.Амарбаясгалан болон бусад нүүрснийнхнээ явуулахгүй авч үлдвэл нам доторх зодоон нь гал багатай ч нийгэм бүхэлдээ дүрэлзэх л юм. Нийгэм эсэргүүцнэ гэдэг намын даргын хувьд хамгийн том хасах оноо. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьер түүгээр төгсөнө. М.Энхболдоосоо илүү гутамшигтайгаар намын даргын суудлаа өгөх болно. Залуу улстөрчийн хувьд тэр ингэж задгай тоглохгүй байх.

Тэр ч утгаараа ямар ч шийдэл олж чадалгүй жил тойрч байна. Цагтаа тулбал иргэд үер усны гамшгаас илүү нүүрсчдийн гамшигтай тэмцэхэд хүч зарцуулах болно. Үүн дээр хэдий талцаж муудсан ч Ардчилсан намынхан жижигхэн ч хамаагүй чулуу шидэж цучил өгнө. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн өнөө маргаашийн бус, ойрын нэг хоёр жилийн толгойны өвчин нь Д.Амарбаясгалан байх нь үнэн болж таарч байгаа юм.

Э.БОЛД

2 САНАЛ

  1. нүүрсний хэрэг юу болж байнаа нэгнийгээ шоронд явуулчих гээд айгаад л төлөвлөгөө боловсруулаад байж байна уу

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу