Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл түүнийг дагасан хэл ам багагүй гарах болов. Парламентад суудалгүй намуудаас Иргэдийн оролцооны нэгдэл нам байгуулсан. энэ хүрээндээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлж, зарим заалтуудыг эрс эсэргүүцэж байгаа гэсэн юм. Тэгвэл  УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье.
1.Монголын төр түүхэндээ хоёр дах удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар саналыг нь асуух гэж байна.
Зөвлөлдөх санал асуулга бол нийт иргэдийг төлөөлж чадахуйц статистикаар “солонгорсон” буюу санамсаргүй сонгогдсон түүвэр төлөөллөөс төрийн хэргийн талаар саналыг нь сонсож зөвлөлдөх судалгааны үйл явц юм. Гэхдээ тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр мэдээлэлтэй болсон иргэд төрийн хэргийг илүү нухацтайгаар зөвлөлдөх боломж олгодгоороо онцлог юм.
Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатыг иргэний нийгэм, эрдэмтэд судлаачдаас хамгийн олон давтамжтай ирүүлсэн асуудлаар дараахь 4 сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр энэ сарын 14-15-нд зохион байгуулах юм.
1. Иргэний болон улс төрийн эрх
2. Парламентын ардчилал
3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах
4. Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж үзэл бодлыг нь сонсох юм.
Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаархи мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулах юм.
2. Oлон нийтийн сүлжээнд бичсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай суртал ухуулга нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Ийм эмзэг сэдвээр улстөржих нь ард түмний эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Товчхондоо, энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй” гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу