Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.08.18/ мэдээллээ.

Тэрбээр “Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дэлгүүр хэсдэг, зугаалдаг гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх болгон өөрчилж байна.

Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14000 машин бий. Үүнээс суудлын 5300, ачааны 2100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг хөх өнгөтэй болгох юм. Үлдсэн нь автобус болон технологийн зориулалттай тээврийн хэрэгсэл байгаа учир солихгүй.

Ингэснээр иргэд төрийн машинаар хэн, хаагуур зорчиж явааг хянах боломжтой болно. Нөгөө талаас ингэж замын хөдөлгөөнд оролцох нь багассанаар түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй.

Бид энэ ажлыг өөрсдөө манлайлан эхлүүлж, бусад төрийн байгууллагууддаа уриалж байна. ЗТХЯ-нд 1256 машин бүртгэлтэй байдаг. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол Даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу