ОХУ-ын “Луна-25″ автомат станц урьдчилсан тооцоогоор, сарны гадаргуутай мөргөлдсөний улмаас осолдсон талаар “Роскосмос” сэтгүүлчдэд мэдэгджээ. Тус төрийн корпораци “Энэ сарын 19-ний өдөр Москвагийн цагаар 14:57 цаг орчимд “Луна-25” сансрын хөлөгтэй холбоо тасарсан” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Наймдугаар сарын 19, 20-нд уг төхөөрөмжийг хайж олох, түүнтэй холбоо тогтоох арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй” гэж онцолжээ. Улмаар “Урьдчилсан шинжилгээний үр дүнгээс харахад, импульсийн бодит параметрүүд тооцоолсон үзүүлэлтээс хазайж, “Луна-25” сансрын хөлөг тойрог замд шилжиж, сарны гадаргуутай мөргөлдсөний улмаас осолдсон. Сансрын хөлөг осолдсон шалтгааныг тодруулах асуудлыг тусгайлан байгуулагдсан салбар хоорондын комисс шийдвэрлэнэ” гэж мэдэгдсэн байна.

“Луна-25” автомат станцыг “Союз-2.1б” зөөгч пуужингаар Москвагийн цагаар наймдугаар сарын 11-ний 02:10 цагт “Восточный” сансрын буудлаас хөөргөсөн. Энэ сарын 17-ны Лхагва гарагт сарны тойрог замд орсон бөгөөд Даваа гаригт буюу наймугаар сарын 21-нд аппаратыг Саран дээр буулгахаар төлөвлөж байв.

Дэлхийн дагуул Сарыг чиглэн ниссэн “Луна-25” автомат станцын судалгааны багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ажиллуулж эхэлсэн тухай “Роскосмос” корпораци энэ сарын 13-ны өдөр мэдээлж байв.

Мэдээлэлдээ “Өнөөдөр ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн бүтээсэн судалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг анх удаа сансрын нислэгийн нөхцөлд асаалаа. Авсан мэдээллүүд нь төхөөрөмжүүд байнгын ажиллагаатай байгааг харуулж байна” гэж дурдсан.

Мөн сансрын нислэгийн үед хийсэн хэмжилтүүдийн талаарх эхний мэдээллүүдийг хүлээн авсан эрдэм шинжилгээний баг тэдгээрийг боловсруулж эхлээд байв.

“Роскосмос” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг, С.А.Лавочкины нэрэмжит Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэлд бүтээсэн “Луна-25” автомат станц дэлхийн хиймэл дагуул руу хийж буй нислэгээ үргэлжлүүлсээр байна. Автомат станцын бүх систем хэвийн ажиллаж, харилцаа холбоо тогтвортой, түлшний баланс эерэг байна” гэж мэдээлсэн билээ.

ЗХУ 1976 онд анх удаа Саран дээр станц буулгаснаас хойш 47 жилийн дараа хоёр дахь удаагаа буулгах гэсэн нь ийнхүү амжилтгүй болжээ. Тус улс энэ удаа дэлхийн аль ч улс хүрч чадаагүй, Сарны өмнөд туйлд сансрын хөлгөө буулгах төлөвлөгөөтэй байв.

Зөвлөлтөөс гадна АНУ, Хятад улсууд Саран дээр станцаа буулгаж чадсан билээ. Энэтхэг улсын хувьд энэ долоо хоногт станцаа Саран дээр буулгаж чадвал дөрөв дэх улс болохоос гадна өмнөд туйлд хүрсэн анхны улс болох юм.

Эх сурвалж: TASS, BBC, EURO NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу