Австралийн Сидней хотноо Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Испанийн баг ялалт байгууллаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Испани, Английн шигшээ багууд учраа таарч, испаничууд 1:0-ээр хожив.

Испанийн довтлогч Ольга Кармона 29 дэх минутад сүүлийн бөмбөгийг оруулсан юм. Тоглолтын шилдэг тоглогчоор тодорсон Кармона Испанийн төрийн телевизийн TVE сувагт ярилцлага өгөхдөө “Хэцүү тоглолт байсан ч бид чадлаа” гэж хэлсэн байна.

Ийнхүү Испанийн шигшээ баг 1:0-ээр хожиж, түүхэндээ анх удаа дэлхийн аварга боллоо. Испанийн хөлбөмбөгчдийн өмнөх хамгийн өндөр амжилт гэвэл шигшээ наймд шалгарч үлдэж байсан явдал. Мөн Английн өрсөлдөгчид нь анх удаа ДАШТ-ий финалд шалгарсан амжилт үзүүлэв.

Долоо, наймдугаар сарын турш Австрали, Шинэ Зеландын есөн хотын арван цэнгэлдэх хүрээлэнд 32 баг тоглож, найм нь түүхэндээ анх удаа тэмцээнд оржээ.

Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн олон үзэгчтэй байснаараа дээд амжилтыг эвдэв. Нэг тоглолтыг дунджаар 29 мянга орчим хүн үзжээ. Хагас шигшээгийн Австрали, Английн тоглолтыг 75 мянга үзэгч сонирхсонн бол Шинэ Зеландын Хэмилтон хотод болсон Португал, Вьетнамын хооронд болсон хэсгийн тоглолтын үзэгч 6.5 мянгад хүрчээ. Тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийт 1.85 сая үзэгч ирсэн байна.

ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино наймдугаар сарын 18-нд “Аварга шалгаруулах тэмцээн албан тушаалтнуудын бүх хүлээлтийг хангаж, давсан байна. Оролцогч орны тоог 24-32 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргахад олон хүн эргэлзэж, энэ нь багуудын түвшний тэгш бус байдал, тухайлбал зарим тоглолтод 15-0 гэх мэт сүйрлийн оноо авчрах вий гэж эмээж байсан. Гэвч ийм зүйл болсонгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS, BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу