Найз минь оюутан биш л дээ. Хувийн хэвшлийн дунд сургуулийн багш юм. Бид хоёр их сургуулийн гуравдугаар курсээс буюу 2020 оноос хойш манайд хамт амьдарсан. Энэ жил тэр тусдаа гарахаар шийдэв. Учир нь түүний ажил, гэр хоёр хэтэрхий хол болохоор явдал дундаа ядраад байна гэлээ. Арга ч үгүй биз. Гэр Халдвартад, найзын ажил Хархоринд байрладаг юм. 

Нэгэнт нь мөр мөрөө хөөцгөөхөөр шийдсэн учир найз маань эрт байр хайж болох байсан ч хөдөө явчихав. Зуны амралтаараа Увсад амьдардаг ахындаа очиж, хадам эгчийгээ амаржихад нь тусалсан юм. Ингээд наймдугаар сарын 18-нд хотод ирлээ. Ажилдаа орох дөхсөн тул ирсэн даруйдаа ум хумгүй л түрээсийн байр хайлаа. Би ч найздаа туслахаар, хамт хайлцсан юм. Тиймээс түрээсийн байр хэрхэн хайсан, сарын түрээс нь хэдэн төгрөг байгаа талаараа оюутан, залууст мэдээлэл өгөх, нөгөө талаас болгоомжлол болгох үүднээс энд бичихээр шийдлээ. 

Ганцаараа амьдрах хүн нэг өрөө байр түрээслэж чадахааргүй болжээ. Нэг өрөө байрны сарын түрээсийн үнэ байршлаасаа хамаараад 800 мянгаас гурван сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Найзын маань тухайд, сардаа 1,5 сая төгрөгийн цалин аваад, түүнээсээ татварт 365 мянгыг нь өгдөг юм. Үлдсэн 1 сая 100 мянгаасаа мэдээж лизинг төлнө. Лизингэд нь 250 мянган төгрөг “соруулчихна”. Ингээд гар дээрээ мухар 885 мянган төгрөгтэй үлдэж, үүгээрээ болгож амьдардаг. Нэг өрөө байр түрээсэлбэл сард хамгийн багадаа 800 мянган төгрөг төлж таарна. Тэгэхээр үлдсэн 80 мянгаар нь амьдрах аргагүй болчихож байгаа юм.

Иймээс тэр хажуу өрөө түрээслэхээр эрэлд гарлаа. Үнэгүй.мн, “Хажуу өрөө түрээсэлнэ” гэх мэтийн фэйсбүүк группүүдийг хуруугаа чилтэл ухаж, сая нэг аятайхан, ажилтай нь ойрхон хажуу өрөө оллоо. 

Бөөн баяр хөөр болж, өөр хүн орохоос өмнө гээд тэр дороо харайлгаж гараад, “Хархорин” гэх хороололд очиж уулзав. 19-р хорооллын автобусны буудлын урд, “Эрин” хорооллын ард байх аж. Таван давхарт гараад лифтний урдаас харсан хаалгыг тогшлоо. Тав орчим насны жаахан охин хаалга онгойлгож, цаана нь 30 гаруй насны эмэгтэй зогсож байв. Хоёр өрөө байрны нэг өрөөг нь түрээслэх гэж байгаа аж.

Өрөө ч дажгүй том. Жаахан хүүхэдтэй л айл болсон хойно обойг нь авах юмгүй болтол эрээн, мяраан болгожээ. Обой ч ямар хамаа байх билээ дээ гээд түрээслэхээр шийдэв. Гэтэл төлбөр дээрээ өнөөх л түрээсэлж буй талд хүндрэл үүсгэдэг төлбөрийн системийг хэллээ. “Гурван сар + барьцаа авна” гэх. За тэгье, нүүж ирээд, төлбөрөө хийе болж байтал “Байр үзэхээр олон хүн залгаж байна. Төлбөрөө одоо төлчихөөд яв” гэв. Бид ч өмнө нь олон жил түрээсийн байраар явж үзсэн тул эргэлзээ төрөөд, гуйсаар нүүж ирсний дараа гэрээ хийж, мөнгөө шилжүүлэхээр тохиролцлоо. 

Ингээд “Та сошиалд тавьсан зараа устгачихаарай. Гэр рүүгээ очоод, хувцсаа аваад эргээд ирье” гээд гарлаа. Нөгөө эмэгтэй ч түрээслэх өрөөгөө цэвэрлээд хүлээж байхаар болов. 

Буцаад Халдвартын байр руугаа жирийлгэлээ. Хувцсаа цэгцлээд, буцаж очих гэж мунгинасаар хэдийнэ гурван цаг өнгөрчихөж. Түгжрэх замдаа утас цохитол авдаггүй, дуудуулаад л байв. “Хүүхдэдээ байнга утсаа өгчихдөг гэсэн, хүүхэд нь тоглож байгаа биз” гэх ухааны юм бодоод явсаар, гэрийнх нь гадаа очлоо. Бас л авсангүй. Удалгүй найзын маань утсыг блоклосон байв.

Би өөрийнхөө утсаас залгалаа. Бас л авдаггүй. Аргаа бараад хаалгыг нь тогшив. 10 орчим минут тогшиход дотор нь хүн байгаа нь мэдэгдэвч онгойлгоогүй юм. Ингэж хулхидуулснаа мэдээд буцаад гэрийн зүг явлаа. Замд найзын биш, миний утас руу өнөөх дугаараас залгаж байна. Дуудлагыг нь аваад юу ч мэдээгүй мэт “Хажуу өрөө түрээслэх зарын дагуу ярьж байна” гэхэд “Байгаа ирээд уулзаарай” гэсэн юм даа. 

Ингээд түрээсээ түрүүлж авч, ядарсан оюутнуудыг хулхидах гэсэн луйварчны төлөвлөгөө амжилтгүй болж, олон жил түрээсийн байраар амьдарч үзсэн бид хашир туршлагынхаа ачаар монжуулалгүй үлдсэн юм. Гэхдээ л нэг бүтэн өдрийг хотын нэг захаас нөгөө зах руу явахад зарцуулж, ачаа зөөсөндөө харамсаад үлдсэн дээ.

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, түрээсийн байрны эрэлт нэмэгддэг ийм үеэр залилан хийх нөхдүүд ч нэмэгддэг ажээ. Иймд байр түрээслэхдээ энэ мэтийн залиланд өртөхгүйн тулд заавал гэрээ хийх, төлбөрөө түрүүлж өгөхгүй байхыг анхааруулъя.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу