Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын нийт зээлийн хэмжээ оны эхний хагас жилд 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өсчээ.

2023 оны эхний хагас жилд банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсөж, 3.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр өсөж, 3.3 хувь болжээ.

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа нь өсөлтөд нөлөөлсөн аж.

Тайлант хугацаанд ББСБ-уудын нийт зээлийн хэмжээ 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн байна. Ийнхүү өсөхөд финтек бүтээгдэхүүн чухал нөлөө үзүүлжээ. Нийт зээлдэгчдийн тоо 1.3 сая хүрч, өдөлмөрийн насны буюу 18-64 насны 100 хүн тутмын 67 нь ББСБ-аас зээлтэй байгаа аж.

Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр, зээлдэгчдийн тоо жил бүр өсөж, зээлийн эрэлт өндөр байгаатай холбоотойгоор ББСБ-ууд нэмэлт зээлийн санхүүжилт татахаар бонд гаргаж буй. Тухайлбал: “ЛэндМН ББСБ” 2021 оноос эхлээд “Лэнд бонд”-ын 1, 2 дугаар транчийг гаргасан. Түүнчлэн энэ улиралд есөн тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 18 хувийн хүүтэй нээлттэй бонд гаргахаар болжээ.

Энэ оны эхний хагас жилд “Инвескор ББСБ” ХК-ийн гуравдугаар транчийн 10 тэрбум төгрөгийн, “Сэндли ББСБ” ХК 8.5 тэрбум төгрөг болон “Инвестмент Девелопмент” ББСБ найман тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг Монголын хөрөнгийн бирж зохион байгуулсан.

Түүнчлэн биржийн бус зах дээр оны эхний хагаст бүртгэгдсэн өрийн хэрэгслийг салбараар нь ангилбал дийлэнх буюу 34 хувийг ББСБ-ынх бүрдүүлж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу