Австралийн Сидней хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д Испани улсын баг түүхэндээ анх удаа түрүүлсэн билээ. Тус баг өнгөрсөн Ням гарагт Английн багийг 1:0-ээр буулган авсан бөгөөд Ольга Кармона 29 дэх минутад шийдвэрлэх гоолыг оруулав.

Тэмцээний шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг”-ийг Испанийн багийн хагас хамгаалагч Айтана Бонмати, Залуу тоглогчийн шагналыг багийн гишүүн Салма Параллуэло хүртсэн.

Тэмцээний шилдэг мэргэн буучаар Японы Хината Миязава (таван гоол) тодорч, “Алтан гутал”-ын эзэн болсон бол Английн Мэри Эрпс тэмцээний шилдэг хаалгачаар шалгарч, “Алтан бээлий” хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр улсад зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд анхны тохиолдол болов. Мөн өмнө нь 24 баг өрсөлдөж байсан бол энэ удаад 32 баг болж өргөжжээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ-д анх удаа Гаити, Марокко, Панам, Филиппин, Португал, Ирланд, Вьетнам, Замби гэсэн найман улс оролцов.

Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг зургуудаас толилуулъя.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу