Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.08.21/ өглөөний ээлжит уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв.

Энэ үеэр орон сууц, хотхоны СӨХ-ны дарга нар дараах байр суурийг илэрхийллээ. 

“Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Сууц өмчлөгчдийн холбоодыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-д хүний нөөцийн хомсдолд орсон байна.

“Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.

“Оч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар, бие оролцдог болох хэрэгтэй байна.

“Монгол хотхон” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Төмөрбат: Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-дын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-дын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна.
 
Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон, мөн орон сууц хүлээн авч буй улсын комиссын бүрэлдэхүүнд Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлөөс төлөөлөл оруулдаг болох өөрчлөлт хийх боломжтойг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууцыг улсын комисс хүлээн авч байгаагийн цаана авлига байна. Ийм барилга хүлээн авсан улсын комиссынхонд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл, иргэдийн оролцоонд тулгуурлаж, хамтын хууль болгон шинэчлэх хэрэгтэй” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу