Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтод ялалтын гоолыг оруулсан Испанийн шигшээ багийн ахлагч Ольга Кармона эцэг нь нас барсан тухай эмгэнэлт мэдээг тоглолтын дараа сонсож мэджээ.

Өдгөө 23 настай О.Кармонагийн оруулсан цорын ганц гоолын ачаар Испанийн шигшээ багийнхан дэлхийн аваргын цомыг өргөсөн билээ. Испани бүсгүйчүүд Ням гарагийн орой англичуудыг 1:0 харьцаагаар буулган авсан юм.

“Реал Мадрид” клубын зүүн жигүүрийн хамгаалагчийн эцэг удтал хүндээр өвчилсний эцэст өнгөрсөн Баасан гарагт насан өөд болсон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

Тус холбоо цахим хуудастаа “Испанийн Хөлбөмбөгийн холбоо О.Кармонагийн эцэг нас барсанд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Хөлбөмбөгч маань энэ гунигт мэдээг ДАШТ-ий финалын дараа сонссон. Бидний зүгээс Ольга болон түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид чамд хайртай, Ольга, чи бол Испанийн хөлбөмбөгийн түүх билээ” гэж нийтэлсэн байна.

Испанийн “Relevo” цахим хуудаст бичсэнээр, тамирчны гэр бүл, найз нөхөд түүнийг шувтаргын тоглолтдоо түлхүү анхаарах нь зүйтэй гэж үзээд, гашуудалт мэдээг түүнд сонсгохгүй байхаар шийджээ. Түүнчлэн Бямба гарагт ээж, ах, дүү нар нь түүнийг дэмжихээр Австралид ирсэн байна. “Реал Мадрид” клубээс мөн Ольга болон түүний ар гэрийнхэн, хайртай дотны хүмүүст эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу