НЭМЭЛТ: 

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг 15 жил дүрвэсний эцэст эх орондоо буцаж ирсэн даруй тус улсын цагдаагийн газраас баривчилж, шүүхэд шилжүүлсэн талаар “Al Jazeera” мэдээлэв.

Тайландын “Khaosod Media” болон “Thai PBS” суваг “Харилцаа холбооны бизнесээр баяжсан Таксин Мягмар гаригийн өглөөний 09.00 цаг (GMT 02:00) орчимд хувийн онгоцоор Сингапураас нисч, Бангкокийн “Дон Муэанг” нисэх онгоцны буудалд газардлаа” гэж мэдээлсэн байна.

Ерөнхий сайд асны охин Фетонгтанг Чинават Instagram хуудастаа гэр бүлийн зургаа байршуулаад, доор нь “Аав аа, Тайландад тавтай морил” гэж бичжээ. Цагдаа нар  Таксин Чинаватыг Бангкокийн шоронд хүргэнэ гэж мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

ЭХ ОРНООСОО ДҮРВЭСЭН ТАЙЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТАКСИН ЧИНАВАТА 15 ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭН ИРЖЭЭ

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават 2006 оны төрийн эргэлтийн дараахан орхин явсан Тайланддаа буцаж ирсэн талаар “Flightradar24” мэдээлэв. Улс төрч хувийн онгоцоороо дүрвэж, 15 жилийн дараа Сингапураас “Дон Муэанг” нисэх онгоцны буудалд газарджээ.

Нисэх онгоцны буудал дээр түүнийг улаан футболка өмссөн олон мянган дэмжигч нь угтаж авсан байна. Тэрбээр өөрийн охин Фетонгтанг Чинаватын хамт Тайландын хаан Маха Важиралонгкорн (Рама X) болон Хатан хаан Сутида дурсгалд өвдөг сөгдөн мөргөж, хайр хүндэтгэлийг илэрхийлэл болсон мэлрэг цэцгийн баглаа өргөжээ. Чинаватагийн эх орондоо ирэх үеийн бичлэгийг Тайландын “PBS” телевиз шууд дамжуулсан байна.

Олны таамаглаж буйгаар, Ерөнхий сайд асныг эхлээд цагдаагийн газар, Улсын дээд шүүхэд аваачиж түүнд оноосон ялыг сонсгож, тэндээс таслан сэргийлэх арга хэмжээ авах бололтой. Хэрвээ түүнийг цагдан хорих шийдвэр гарвал Чинаватаг Бангкокийн “Клонг Прем” төв шорон руу илгээх аж. Орон нутгийн хэвлэлүүд “Чинават өршөөл үзүүлэх хүсэлт гаргана” гэж мэдээлж буй юм байна.

Төрийн эргэлтийн гарч, эх орноосоо дүрвэсэн, өдгөө 74 настай Чинават 2001-2006 онд Тайландын Ерөнхий сайдын албыг хашжээ. Түүнийг Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үед хуурай замын цэргийн ерөнхий командлагч Сонта Буняратглин тэргүүтэй хэсэг цэргийнхэн төрийн эргэлт хийсэн аж.

Гадаадад үлдэхээс өөр аргагүйд хүрсэн тэрбээр 2008 онд Тайландад буцан ирж, шүүх хуралд оролцсон байна. Улмаар улс төрчийг баривчилсан ч батлан ​​даалтад гараад, эцэст нь эх орноо орхин явжээ.

Түүний тэргүүлдэг популист Тай Рак Тай намыг тус улсын Дээд шүүхийн шийдвэрээр татан буулгаж, Чинаватагийн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилээр хасчээ. Чинавата Их Британиас улс төрийн орогнол хүссэн ч бүтэлгүйтсэн тул Дубайд суурьшсан байна.

2008 онд Тайландын шүүхээс Чинаватад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нийтийн эзэмшлийн газрыг худалдан авсан хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сараас хойш түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн, авлига авсан зэрэг олон зүйл ангиар буруутгасан байна. Нийтдээ түүнд 10 хүртэл жилийн хорих ял эдлэх бололтой.

Эх сурвалж: TASS, CNN, AL JAZEERA

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу