Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх судалгааг танилцуулсан юм. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Тэгвэл тус судалгааг хэрхэн хийсэн болон их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагын талаар судлаачид ийн ярьж байна.

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Ууганбаяр “Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн бусад аймгаас буюу улсын дунджаас хамаагүй өндөр байна. Үүнийг дагаад хүн амын төвлөрөл, түгжрэл үүсээд буй юм. Түгжрэлийн учир шалтгааныг дотор нь задалж үзэхэд Бага тойруу дахь төвлөрлийг сааруулах нэн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Үүнийг шийдэх арга нь дэд төвүүд юм. Дэд төвүүдийг ажиллуулж, амилуулахын тулд ажлын байр бий болгох ёстой. Ажлын байрыг бий болгох зорилгын нэг хувилбар нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 9-13 км/цаг байгаа бөгөөд энэ байдлаараа байвал 2030, 2040 онуудад 6 км/цаг буюу тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа тул бид зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий. Тэрчлэн 7000 ажлын байр шууд бусаар нэмэгдэн, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг орчим хувиар өсөх тооцоолол гарсан” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу