Засгийн газрын өнөөдөр /2023.08.23/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-АмгаланГурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Үүнд 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 47 сургуулийн 33 мянган хүүхдийн асуудал үүсэж байна.

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл юунаас шалтгаалав гэдгийг бид судалж, тогтоосон. Гурван шалтгаан байна.

Нэгдүгээрт, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12-р анги төгсөж байна. 35-45 мянган хүүхдийн зөрүү гарч байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ үүсэж байна.

Хоёрдугаарт, оновчгүй төлөвлөлт, бодлогуудыг хийж, үүнд нь төсөв зарцуулж ирснээс болж ийм нөхцөлд хүрсэн байна. Газаргүй, зураг төсөлгүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг. Ингэж эхэлсэн сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүйгээр жил дамнан төсөв нь өсдөг тендерийн хонгил үүссэн.

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдаа. Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо, цэцэрлэггүй 17 хороо байна. Гэтэл сургууль, цэцэрлэг төлөвлөж барихгүйгээр барилгаа барьж, улсын комисст хүлээлгэж өгдөг асуудал байна. “Нарны хороолол”, “Хүннү”, “Маршал таун” гэх мэт. 

Энэ ондоо багтаж барилга угсралтын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн асуудлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүнээс хэд хэдэн сургуулийг онцолж хэлмээр байна. 

  • Сонгинохайрхан дүүргийн 12-р сургууль. Энэ сургууль гурван жилийн нүүрийг үзэж байна. Төсөв нь нэмэгдээд байдаг хэрнээ ашиглалтад ордоггүй. Тиймээс үүнд онцгойлон анхаарч, тухайн тойргоос сонгогдсон гишүүд, Засгийн газрын гишүүд очиж ажиллана. Аравдугаар сарын 1 гэхэд энэ сургуулийн эхний цогцолборыг хүлээж авах зохицуулалтыг хийнэ. 
  • 5-р сургууль, 71-р сургууль гээд баригдаад дууссан хэрнээ цоожлоод хоёр жил болсон сургуулиуд бий. Тухайн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудтай төр үл ойлголцсон. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болоод ийм нөхцөлд хүрсэн. Сургуулийг нь бариад дууссан байхад дулааны зөвшөөрлийг нь өгөөгүй байх жишээтэй. Үүнийг гацаанаас гаргаж, есдүгээр сарын 1-нд үүд хаалгыг нь нээлгэнэ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу