Засгийн газрын өнөөдөр /2023.08.23/-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мэдээлэл, технологийн ажил үйлчилгээг хувийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

Өнгөрсөн зургадугаар сард “Mindgolia” уриан дор “ICT” экспо зохион байгуулсан. Олон нийт экспогоос гаргасан санал санаачилга хэрэгждэг, үр дүнтэй байгаасай гэж хүсдэг.

“ICT” экспогийн үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан. Тухайлбал, программ хангамжийн салбарт төр өөрөө битгий өрсөлдөөч, хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэл бариач гэх саналыг дамжуулж хэлсэн. Тэмдэглэлээр Ерөнхий сайдаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн.

Үүний дагуу өнөөдөр мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа.

Эл тогтоолын төслийг баталснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хөгжүүлэлт хийлгэхгүй болж байна гэсэн үг.

Төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарлаад, шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой.

Тухайлбал, “цахим аймаг”, “цахим хот” байгуулна гэдэг нэртэй хөтөлбөр улсын төсөвт батлагдсан тохиолдол их байсан. “Цахим аймаг” хөтөлбөр юу хийсэн талаар ороод үзэхээр 30 компьютер худалдаж авсан гээд сууж байдаг. Үүнд хэн ч санал зөвлөмж гаргадаггүй бөгөөд үр дүнгүй зардал гаргаснаас болоод өнөөдөр төрийн системүүд хоорондоо холбогдохгүй байгаа юм.

Дээрх тогтоолын төслийн хүрээнд төр зөвхөн ажлын даалгавраа гаргаад, системтэй холбоотой санал дүгнэлт авдаг болох юм.

Тогтоол дээр нэр бүхий 32 үйлчилгээний чиглэлд хамаарах программ хангамжийг огт хөгжүүлэхгүй байх шийдвэр гарсан” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу