МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Мягмарын Амархүүгийн уран бүтээлийн дээж “Ургийн мод тэргүүт Уран үгсийн чуулган” хэмээх шинэ ном уншигчдын гарт хүрлээ. Энэхүү номоо “Болор цом”-ын тэргүүн шүлэг болон 2015 оноос өдгөөг хүртэлх шүлэг, яруу найргаар бүтээжээ.

Тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын уугуул бөгөөд Монголын яруу найргийн “шигшээ багийн тамирчин шиг явлаа” хэмээн хэлсэндээ яв цав нийцдэг нэгэн билээ. 

Түүний шинэ номын уран бүтээлээс дээжлэн хүргэж байна. 

Болор цом" наадамд яруу найрагч М.Амархүү тэргүүлжээМОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ

Зүүн голыг уруудаад баруун гүвээг даван ирэх нь
Зүг зөвийн орчлон бөөрөнхий болох нь тодорхой…
Дээшээ ниссэн шувуу жигүүр амраан буух нь
Дэлхийн татах хүч төвдөө орших томъёолол…
Урагшаа зулагч үүлс хойноосоо залгаж нүүх нь
Уудам хөхрөгч огторгуй дэлхийг тэврэх магадлал…
Зандан шаргал тэмээд үүлэнд умбан алддаггүй нь
Замилангийн хөх өвснөөс зангилаатай болох нь таамаглал…
Ээжийн минь барьсан ээрүүлийн утас алдуурч өнхөрч одоод
Эрчээ сулруулахгүй хөврөх энэ ертөнц уужимхан ч
Эмээгийн минь ярьсан үлгэр хорвоог тойрч одоод
Элгэн тараг бүрэлдэхээс өмнө жаргадаг болохоор давчуухан…
Тэмээн түүчээний хонх дүн дан, дүн дан хангирсаад
Тэнгэрийн хаяаг түлхэж, их нүүдэл хөврөхөд
Сураар даруулсан авдрын арслан барс цухалдаад
Суунаг цэнхэр зэрэглээг архирч сарниулсаар хөдөлдөг.
Сувдран өргөгдөх цацлын сүүн зам зурайгаад
Сүүмэн саарал үүлсийг сөхөн сөхөн үддэг
Ачаан дээр татсан тоононы цамхраан дээгүүр эргэх
Ангирын шаргалхан дуу дэрсний толгойг хөглөдөг.
Хөг орсон дэрс салхи шиг урин шагшуургадаад
Хөдөөх буйдхан аглагт дагшаа найрал эгшиглэдэг.
Сэгсээ сэгсээ бөхнүүд нь салхи сэмлэн бөхөлзөх нь
Сэврэй сэврэй толгод нүүж явах шиг үзэгдээд
Сэвэг сэвэг алхаа нь элс хэмлэн намалзах нь
Сэргэр сэргэр дэрсийг хуурдаж явах шиг харагдаад
Улаахан атны намиргаанд зүүрмэглэж явсан өвөө минь
Удаах намрын нүүдлээр бүр хол оо нүүчихнэ.
Хүрэгч ингэний алхаанд үнэгчилж явсан дүү минь
Хөрзөн гэсэх хавраар бас том оо болчихно.
Тэмээн нүүдлийн мөр нар зөв эргэсээр…
Эргэл орчлонгийн нүүдэл тэр зүг хөвөрсөөр…
Уртын урт нүүдлийг ургуулан халиаж харвал
Уйгаржин бичгээр шүлэг тэрлэгдэж байх шиг үзэгдэнэ.
Ар хондлой дээрээ асуултын дэгээ тэмдэгтэй
Асар Басар ноход шүлгэн хөсөгний ард гуйж
Монголын их нүүдэл хаана хүрч буудаллах вэ гэж асуухад
Модун Шаньюй, Чингис эзний нутагт … гэж
Модон тэрэгний дугуй чихран чухран хариулаад
Морьдын хөх хомоол цэг нь болж төгсгөнө.
Нүцгэн цагаан талыг бичгийн цаас гэж бодвол
Нүүдлийн тухай шүлгийг тэмээн жингээр бичдэг ээ.
Нүүмэл цагаан үүлсийг баллуур гэж үзвэл
Нүүдлийн тухай шүлгэнд алдаа гэж үгүй ээ…
Улаанбаатар 2017
No photo description available.ЭРГЭХ ХОЛБООТОЙ ОРЧЛОН… ХЭМЭЭХ НУЛИМСТАЙ ШҮЛЭГ
Аянгын нүргээнд үрчилзэн цуурсан
Агаарын урагдал хөндүүр арилаагүй байхад
Сарнисан үүлсийг нь сацрагаараа имхэрдээд
Саа мөнгөн тэнгэрийг нар аргадаж байхад
Толгод тэвэрсэн солонгыг уургалж өгсөнгүй хэмээн
Томоогүйтэн бархирч, эцэгтээ тунин, цэцэг самардахад
Тоосорсон өвсөн дор газрын судас тасарч байсан…
Хэлэх үггүй хоолой нь зангирсан эцгийн минь
Хэнхдэгэн цаана зүрх нь уйлж байсан…
Эцгийнхээ цөхрөлөөр наадаж, зоргоор аашлахдаа
Эрхийн тэнэгээр хатсан Элэг бүтэн байсан, би…
Уулс дамнасан цуурайг барьж өгсөнгүй гэж
Усанд унасан оддыг түүж өгсөнгүй гэж
Эхэр татан нулимсаараа замчлуулан гэрээдээ харихдаа
Элэг бүтэн байсан, би…
Эргэх он цагийн тоог шувууд далавчаараа тэнгэрт бичиж
Ээлжлэн баллуурдаж дэвэхэд нь өдөр хоногууд зөрж хөвөрсөөр
Эцэг минь лагшин дүрсээ хувааж, номын агаарт сэлгээд
Ээж минь мэлмийдээ нулимсаараа, бурхан зурсаар хоцортол
Элэг бүтэн байсан, би…
Маанийн алтан үсгэнд хувилсан эцэг минь төдхөн
Манцуйтай дүрээ сэргээж, үрийнхээ гар дээр тарвалзахад
Эрхий инчдэх хүрдээ зулын цөгцтөй нь мартталаа
Элэг бүтэн болсон би…
Солонго уургалж, цуурай барьж, од түүж өгөөд
Сормуусанд нь нулимс харвуулалгүй зугаацуулж
Эрээн мяраан орчлонгийн өнгө будгийг ялгатал нь үрээ
Элэг бүтэн байлгана, би…
Бурхан мөнх бусын будгаа бийртэйгээ нийлээд
Буцаад ир, хувь заяагаа ахин зуруул гэж дуудтал
Эсэн энхийн хаалгаар үрдээ гэрэлтэн үзэгдээд
Элэг бүтэн байлгана, би…
Хөх толбон мэнгийг минь авч үлдээд
Хөхрөгч тэнгэрт үдэхээ ач минь мэднэ ээ…
Эгэлхэн дүрийг минь үрийнхээ төрхнөөс хараад
Элэг бүтэн үлдсэнээ хүү минь ойлгоно оо…
АРДЫН ДУУ
Арслан зааныг алга болсноос хойш
Аялагдаж буй ардын дуу минь.
Үлэг гүрвэлийг хонин гүрвэлд хувилснаас хойш
Үүсэж хөгжсөн аялгуу дуу минь.
Өвгөдийг минь хэдэн үеэрээ манцуйтай байхаас нь
Өвлөгдөж ирсэн эртний дуу минь…
Эмгэдийг минь хичнээн үеэрээ бойтогтой байхаас нь
Эгшиглүүлж ирсэн элэнц хуланцын дуу минь.
Морьтой хүн дуулахад эрмэг хүлэг нь жигүүрлээд
Молор эрдэнийн туурай нь жингүйдэн хөнгөрдөг
Дуурсах аялгуу нь нугалаа нугалаагаараа
Дурдан шаргал замыг нь эвхэн эвхэн товчилдог.
Алтан хүрээт жүнзний амсар цангинуулан өнгөрөхдөө
Аньсага цийлэгнэм нулимсаар минь үрлэн товч зангидуулдаг.
Алхан хээтэй дууныхаа бадаг бадаг дахилтаараа
Азай буурлуудын насыг нэмэн нэмэн уртасгадаг.
Буруу өнгөөр эхлэхэд хуурын чавхдас хөггүйрэх
Бурханы аялгуут эгшгэн цагаан шувуу..
Ятга шанзны аялгуутай амраглан жаргасан үгнүүд нь
Янлин, Үүлэн, Сийлэн хуар… сайхан сайхан хүүхнүүдтэй
Үлэмжийн тасархай авьяас, байгалийн төрмөл дуучинтай
Үзэсгэлэн гоо тэр хүүхнүүд нь зуун зуунаар нөхцөнө өө…
Сонсжээ, суусан хүмүүний оюун санаа эгшгийн агаар сэлгээд
Сонорын шувууд нь баясан дэлхийн таталцлаас ангижраад
Мөнх бусын орчлонгийн мөн чанарыг уясан, дурсан тунгаагаад
Мөнгөн нулимсаараа зуучлуулан, эргээд зүрхэн дээрээ буудаг…
Бэлд нь дуулахад аялгуунд нь түрэгдэж, уулсын оргил шовхорсон
Талд нь аялахад эгшгэнд нь түлхэгдэж, усны долгио цовхорсон
Үүлс уруудан уралдаж нар сар даялан дагасан
Үзэх нүдний баясгалан байгалийг хөглөсөн дуу минь…
Эмээл дээр сувдарсан хоргой торгон хүүхнүүдийн
Энгэсэг зүүсгэлийг нь туяаруулан, алтан хэвлийг нь бүүвэйлэхэд
Ардын дуутай орчлонд хэзээ мөдгүй мэндлэх
Алаг хонгор үрс нь дуучин болохоор төрнө өө…
  • Түүний яруу найргийн бүтээлүүд:

“Дэлтэй салхи”- 1993  “Үзэсгэлэнт сэтгэл”- 2003 “Салхин сарны явдал”-2004  “Зүүдний эдлэн”-2005 “Янаг гашуун”-2007 “Тунгалаг галбир”-2007 “Хүүхэн хэмээгч хүчилтөрөгч”-2008 “Амраг судлал”-2010 “Салхины сүүдэр”-2015 “Бурханы өгөгдөл буюу үлгэргүй эсгүүрийн шүлгүүд”-2016 “Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй”-2017 “Blue intuition”-англи хэлээр -2018 “Соёмбот шүлгүүд”-2018 “Хөх зөн”- 2020 “Шидэт хашаа ба эрээн хорвоо”- 2023, гэхмэт уран бүтээлүүдээ эмхэтгэн уншигч олноо толилуулжээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу