Холбооны Агаарын тээврийн агентлаг Тверь мужид осолдсон “Embraer-135” онгоцны бүх зорчигч болон багийн гишүүдийн нэрсийг нийтэлжээ. Тус агентлагийн мэдээнд тэдний дунд ОХУ-ын хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн удирдагч Евгений Пригожин, Дмитрий Уткин нар байсан талаар дурдсан байна.

Сүйрсэн онгоцонд мөн Сергей Пропустин, Евгений Макарян, Александр Тотмин, Валерий Чекалов, Николай Матюсеев болон нисэх багийн гурван гишүүн болох онгоцны командлагч Алексей Левшин, туслах нисгэгч Рустам Каримов, онгоцны үйлчлэгч Кристина Распопова нар байжээ. Пригожины ойрын хүн гэгддэг Чекаловын хувьд өмнө нь АНУ-ын хориг арга хэмжээнд орсон байсан аж.

Холбооны агаарын тээврийн агентлаг тогтоосон журмаар олгосон агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийн үндсэн дээр “Эмбраер-135 (EBM-135BJ) онгоц нислэг үйлдсэн” гэж тэмдэглэсэн байна.

Евгений Пригожины нисч явсан онгоцны хэлтэрхий ослын газраас хоёр километрын зайд орших Куженкино тосгон орчмоос олдсон талаар “РИА Новости” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Өнгөрсөн Лхагва гарагийн орой Тверь мужийн Куженкино тосгоны ойролцоо хувийн “Embraer Legacy” онгоц осолдсон тухай мэдээлэл ирсэн байна. Тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, осолдсон онгоцонд арван хүн, түүний дотор багийн гурван гишүүн байсан бөгөөд бүгд амиа алджээ.

Иймд “Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин, Дмитрий Уткин нар нас барсан тухай мэдээлэл шууд бусаар батлагдсан гэж албаныхан дүгнэж буй аж.

Осолдсон онгоц тээврийн бизнесийн чиглэлээр мэргэшсэн “МНТ-Аэро” ХХК-ийн онгоц байсан аж. Тээвэрлэгч компанийн мэдээлснээр, тус онгоцоор зорчигчид Москвагаас Санкт-Петербург руу нисч байжээ.

“Ослын газраас найман хүний ​​цогцос олдсон” гэж Онцгой байдлын албаны төлөөлөгч “РИА Новости” агентлагт мэдээлсэн байна. Өдгөө эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй ажээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу