Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса Пүрэв гарагт БРИКС-ийн бүлгийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дээр 2024 онд тус бүлэг зургаан орноор бүл нэмэх гэж байгаа талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр “Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Аргентин, Холбооны Ардчилсан Этиоп Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Саудын Арабын Вант Улс, Арабын Нэгдсэн Эмират улсыг БРИКС-ийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхээр урихаар шийдсэн” гэж мэдэгдээд, “Гишүүнчлэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно” гэж хэлсэн байна.

Рамафосын хэлснээр, эвсэлд шинэ гишүүд элсэх нь түүнийг өргөжүүлэх үйл явцын эхний үе шат бөгөөд холбооны шинэ гишүүнчлэл үүгээр зогсохгүй аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтад видео холбоосоор оролцож буй. Тэрбээр өнөөдөр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч эвслийг өргөжүүлэх асуудлаар сайтар ажиллаж, гайхалтай дипломат ур чадвар гаргасныг онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр “Ирэх жил бүрэн хэмжээний форматаар ажиллах шинэ гишүүддээ баяр хүргэе. БРИКС-ийн нөлөөг дэлхий дахинд өргөжүүлэх чиглэлээр өнөөдөр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээ нийт хамт олондоо хэлмээр байна. Би шинэ гишүүд болон БРИКС-т нэгдэх хүсэлтэй түншүүдтэйгээ хамтран ажиллахыг хүсч байна” гэж хэлэв.

Өдгөө БРИКС-ийн орнууд 48.5 сая кв.км буюу дэлхийн нийт газар нутгийн 36 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь “Их долоо” буюу АНУ, Их Британи, Герман, Итали, Канад, Франц, Японоос хоёр дахин том юм.

БРИКС-ийн нийт хүн ам 3.6 тэрбум бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 45 хувь, G7-ийн оршин суугчдын тооноос дөрөв дахин их аж. Түүнчлэн БРИКС дэлхийн газрын тосны нөөцийн 45 хувийг эзэмшинэ.

Эх сурвалж: CNN, VESTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу