Монгол Улс “саарал жагсаалт”-д орсноос хойш Худалдаа хөгжлийн банк АНУ-ын банканд ам.долларын ностро данс нээх анхны арилжааны банк болох болзлыг хангажээ. Үүний араас Голомт, Хаан банкуудын данс нээх процесс үргэлжлэх юм байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, Монгол Улс Америкийн “Нью-Йорк Меллон” банктай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд тус банкинд Монголбанкны тодорхой хэмжээний нөөцийг байршуулах аж.

Монгол Улс 2019 онд “саарал жагсаалт”-д орсноор гадаадын томоохон банкуудад данстай байх, гүйлгээ хийх харилцаа зогссон. Хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хийхэд ам.долларын гүйлгээ түгээмэл ашиглагддаг тул ам.долларын данстай байж, гүйлгээг шуурхай хийхэд асуудал үүссэн билээ.

Дээрх хугацаанд Солонгос, Сингапурын банкаар дамжуулан ам.долларын гүйлгээ хийж байсан бөгөөд Америкийн засгийн газар болон Сангийн яамтай удаа дараа хэлэлцээр хийжээ.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ӨӨРИЙН НИЙТ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ
5.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ДАВЖЭЭ

Банкуудын хувьцааны ханш богино хугацаанд хэлбэлзсэн хэвээр байгаа ч урт хугацаанд эерэг хүлээлттэй байна.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий арилжааны таван банк хөрөнгийн зах зээлд 5-10 хүртэлх хувиа санал болгож, 428 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөг, арилжааны банкуудын өөрийн нийт хөрөнгийн хэмжээ 5.6 их наяд төгрөгөөр тус тус давж, 24.4 хувиар өсжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкуудын хувьцааны ханш богино хугацаанд хэлбэлзсэн хэвээр ч урт хугацаанд эерэг хүлээлттэй байхыг онцлов.

Банкны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу банкууд цаашид нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглосон заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй.

Зарим банк 20 хувийн төвлөрлөө бууруулж чадсан ч бусад банкуудад он дуустал дөрвөн сарын хугацаа үлдэж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудаас банкны хувь эзэмшлийн хэмжээг шийдвэр гаргаж, шинэ технологи нэвтрүүлэх хэмжээнд нэмэгдүүлэх заалтыг санал болгосон байна. Эдгээр болон бусад асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу